Тайван улсын их сургуулиудад айлчлал хийв

МВА-ийн хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурлаа

Ректор Б.Дамдинсүрэнгийн тэргүүлсэн ШУТИС-ийн төлөөлөгчид гуравдугаар сарын 13-17-ны хооронд Тайван улсын хамтрагч сургуулиудад айлчлал хийгээд ирлээ. Энэхүү айлчлалын хүрээнд хөтөлбөрт тусгасны дагуу ШУТИС-ийн Тайван улс дахь харилцагч сургуулиудын нэг болох Тайваны Үндэсний Нэгдсэн Их Сургуультай (National United University) бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр (1+1) хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Тус арга хэмжээнд ШУТИС-ийг төлөөлөн ректор Б.Дамдинсүрэн, Тайваны Үндэсний Нэгдсэн Их Сургуулийг төлөөлөн ерөнхийлөгч Lung-Sheng Lee, менежментийн коллежийн декан Chen-Tung Chen, магистрын хөтөлбөрийг хариуцсан ажилтан Chien-Chung Lo болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

 

Хамтын ажиллагааны гэрээнд зааснаар бизнесийн удирдлагын магистрын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, түүний дотор Технологийн менежментийн профессорын баг хариуцах юм. Энэхүү хамтарсан хөтөлбөр нь 2011-2012 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн хэрэгжих бөгөөд элсэгчид нь эхний жил Монгол улсад, дараа жил Тайван улсад үргэлжлүүлэн суралцна. Амжилттай төгсөгчид ШУТИС-ийн болон Тайваны Үндэсний Нэгдсэн Их сургуулийн магистрын зэргийг авах болно.


Тапей хотын Анагаахын их сургуультай хамтын

ажиллагааны гэрээ байгуулав

Мөн энэ айлчлалын хүрээнд  гуравдугаар сарын 14-нд Тапей хотын Анагаахын их сургуулийн урилгаар ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ХИБС- ийн захирал Ж.Туяацэцэг, ХҮШС багийн тэргүүлэх профессор Г.Энхтайван очиж хамтын ажиллагааны гэрээг ерөнхийлөгч Ching- Hua Su- тай  байгуулж, ШУТИС- ийн ректор, Анагаахын их сургуулийн ерөнхийлөгчид сургуулийнхаа танилцуулгыг харилцан хийв. Тус сургуулийн салбар нэгж, номын сан, лабораторийн байдалтай танилцаж, эмнэлгийн хоол үйлчилгээний чиглэлээр НАССР нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн жишээг үзэж танилжээ.

 

 

Монголоос магистрт 2, доктор (Ph.D)- т 2, пост докторт нэг хүний материалыг өгч шийдүүлэхээр боллоо. Мөн хамтарсан эрдэм шинжилгээний хурал, судалгааны ажлын мэдээлэл солилцох талаар ярилцаж тохиров. Анагаахын сургуультай гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол улсаас Тайваньд суугаа худалдааны төлөөлөгч н.Чойдорж оролцов.

 


Тапей хотын Технологийн их сургуультай хамтран ажиллана

Айлчлалын гурав дахь өдөр буюу 15-ны өдөр Тапей хотын Технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд ерөнхийлөгч Leehter Yao, ректор Б.Дамдинсүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Инженерийн болон мэдээллийн технологи, биотехнологийн салбарын ажил байдалтай танилцаж сүүлийн үед хийгдэж байгаа судалгааны ажил, хөгжлийн чиг хандлагын талаар лекцэнд суулаа. Тус сургуулийн технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж бизнесийн байгууллагуудтай, их дээд сургуулиуд хоорондоо хоршиж хамтран ажилладаг жишээг үзэж танилцав. Тапей хотын Технологийн их сургууль өөрсдийн зардлаар ШУТИС-аас 10 хүнийг магистр, докторын шатны сургуульд сургахаар болов.

   

        Түүнчлэн гуравдугаар сарын 16-ны өдөр Цинхуа үндэсний их сургуулийн удирдлагуудтай уулзаж хоёр сургууль харилцан танилцуулга хийж, технологийн парк хөгжүүлэх талаар санал солилцов. ШУТИС- ийн багш, докторант Л.Батзоригтой уулзаж сургууль, судалгааны ажлын талаар ярилцлаа. Цинхуа үндэсний их сургууль төсөл гэрээт ажлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр мэдэгдэв. Ажлын гурав хоногт дөрвөн сургуультай танилцаж хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сургууль орчин болон хамтын ажиллагаа ялангуяа бизнесийн байгууллагатай яаж хамтран ажилладаг, их дээд сургуулийн хоршин ажиллаж байгаа байдалтай танилцсан нь үр өгөөжтэй ажил болсныг онцлон тэмдэглэмээр байна.