ШУТИС-ийн нийт багш, ажилчид япончуудад нэг өдрийн цалингаа хандивлав

Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас олон мянган хүн амиа алдсан  явдалд ШУТИС-ийнхан эмгэнэл илэрхийлэн тусламжийн гараа сунгалаа. Тус сургуульд ажилладаг 2000 багш, ажилтан өөрсдийн сэтгэлээр нэг өдрийн цалин болох 44 сая төгрөгийг хандивлаж байгааг Япон улсын элчин сайд Такүо Кидокород ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн гуравдугаар сарын 25-ны өдөр гардуулан өглөө. Дээрх мөнгөн дүнгээс 31,790,006 төгрөгийг Японы элчингийн “ХААН” банк дахь хандивын дансанд шилжүүлж, 12,240,000 төгрөгийг материаллаг тусламж болгон Онцгой байдлын ерөнхий газар дахь Япон улсад явуулах тусламжийн нэгдсэн хандивт хүлээлгэн өгчээ. Материаллаг тусламж нь ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнд үйлдвэрлэсэн хонины ноосон хөнжил 213, тэмээний ноосон оймс 40, торомны  ноосон өмд 20, сарлагийн хөөврөн өмд 10 ширхэгийг япончуудад тусламж болгон илгээлээ. Хандив гардуулан өгөх үеэр Япон улсын элчин сайд Такүо Кидокоро “ШУТИС-ийн ректор танд болон танай хамт олны халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Та бүхний тусламж үзүүлж байгааг гамшгийн голомтод байгаа хүмүүс мэдэх юм бол баярлах болно. Энэ сайн үйлсийн талаар цаашаа японы гадаад хэргийн яам болон засгийн газарт мэдэгднэ” гэв.

 

 


ЗХШҮГ