Монголын Математикчдийн Нийгэмлэгийн 2011 оны хурал

Монголын Математикчдийн Нийгэмлэгийн ээлжит хурал 2011 оны 3-р сарын 24-ний өдөр МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоотод зохион байгуулагдлаа. Хурлыг Монголын Математикчдын Нийгэмлэг, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль, МУБИС-ийн Математик Статистикийн Сургууль, ШУТИС-ийн Математикийн Сургууль, Математикийн хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

1990-ээд оны эхээр академич проф. А.Мекей, Ц.Дашдорж, Д.Бямбажав нарын санаачлагаар Монголын Математикдийн Нийгэмлэг үүсгэн байгуулагдсан юм. Монголын Математикчдын Нийгэмлэг 2002 оныхоо хурлаас академич проф. А.Мекейг тэргүүнээрээ сонгон ажиллуулж байна. Энэ хугацаанд ММН нь олон улсын болон улсын чанартай математикчдын эрдэм шинжилгээний хурал олныг зохион байгуулсан нь олон ч авъяаслаг залуу эрдэмтэн төрөн гарахад ач холбогдлоо өгсөн. Үүний дүнд Р.Энхбат, Ч.Алтаннар, С.Төмөрбат, Т.Жанлав, А.Мекей, О.Чулуунбаатар, Д.Цэдэнбаяр  нарын зэрэг эрдэмтдийн бүтээл дэлхийн хэмжээнд яригдаж байна.

Хуралд ММН-ийн ерөнхийлөгч, академич А.Мекей, МУИС-ийн ректор, проф. С.Төмөр-Очир, ШУТИС-ийн проректор, проф. Б.Очирбат нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

ШУТИС Математикийн сургуулиас уг хуралд Д.Цэдэнбаяр, Л.Хадхүү “On the Ritt condition”, Д.Буянтогтох, Д.Анхтуяа, Г.Батцэцэг “Инженерийн математик сургалтыг боловсронгуй болгох асуудалд”, Л.Батболд, Б.Очирбат, К.Хавалболат “Ил уурхайн ачих-тээвэрлэх логистик системийг оновчлох математик”, Ц.Батсүх, До.Нямсүрэн “Насан туршийн амьдралын даатгалын оновчтой удирдлагын стохастик загвар, түүний аналитик шийдийн шинжилгээ”, Б.Ууганбаяр “Бэлчээрийн системийн дөрвөн хэмжээст битүү загвар” сэдэвтэй илтгэлүүдээр оролцож амжилттай хэлэлцүүлэв.