Ньюком групп Механик Инженерийн Сургуультай хамтарч сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэхээр болов

Ньюком групп Механик Инженерийн сургуультай (МИС) хамтран сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн нэмэлт сургалтаар бэлтгэхээр “Хамтран ажиллах гэрээ”-нд Ньюком группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Бямбасайхан, МИС-ын захирал Д.Дэлэг нар 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа.
Ньюком группын сэргээгдэх эрчим хүчний өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа МИС-ын оюутнуудад зааж сургах, сэргээгдэх эрчим хүчний хэмжилтийн станц, салхин парк дээрээ дадлагажуулах юм. Жил бүр амжилттай суралцсан 2 оюутанд сургалтын тэтгэлэг олгох, цаашлаад мэргэжлийн дагуу ажлын байраар хангах, инженер техникийн ажилчдыг гадаадын ижил төстэй салхин парк дээр ажиллуулж мэргэжил дээшлүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.   

     Ньюком групп 2011 оноос Монголд анхны их оврын салхин цахилгаан станц барихаар ажиллаж байгаа бөгөөд 2012 онд 50МВт ын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ньюком групп салхины эрчим хүчийг ашиглаж цахилгаан үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд  нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд дотоодын мэргэжилтэй боловсон хүчнийг одооноос бэлтгэх шаардлагатай байгааг анхаарч МИС-тай хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгуулжээ.

  Дэлхийн цаг агаарын дулаарлыг бууруулахаар дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахад анхаарч байгаа тул энэ салбар сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжиж байгаа ба салхины цахилгаан станц нь сүүлийн 10 жилд улам боловсронгуй болж дэлхийн дулаарлыг багасгах нэг чухал арга хэрэгсэлд тооцогдож ихээхэн найдлага төрүүлж байгаа салбар юм. 2030 он гэхэд дэлхийн нийт цахилгааны үйлдвэрлэлийн 15% ийг салхинаас үйлдвэрлэхээр зэхэж байгаатай  Монгол улс хөл нийлүүлэн үндэсний мэргэжилтэнгээ бэлтгэн эхэлж байгаа нь байгаль орчноо дээдэлсэн шинэ технологийг нэвтрүүлэх, ирээдүй өөд чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт болж байна.


ЗХШҮГ