МЭНДЧИЛГЭЭ

                

Монгол улсад инженер, технологийн болон удирдлага, гадаад хэл, нийгмийн халамж, аялал жуулчлалын чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон Та бүхэнд ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны зүгээс ирж буй 17-р жарны “Илжгин” хэмээх төмөр туулай жилдээ ажлын өндөр амжилт гарган, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье. 

2010 оны 5-р сард ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн салбар хороодын дарга, ҮЭ-ийн Хяналтын хорооны гишүүд болон ҮЭ-ийн идэвхитэн гишүүд нар сургуулийн Захиргаанд шаардах бичиг хүргүүлсэний үндсэн дээр 2009-2010 оны хичээлийн жилд нийт 222 профессор, багш нарын хийж гүйцэтгэсэн “илүүгээс илүү” давсан цагийн хөлс болох 90 гаруй сая төгрөгийг олгуулсан. 2010 оны 10-р сард ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо нь МБШУ-ны ҮЭХолбоогоор уламжлуулан Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдод Засгийн газрын 239-р тогтоолын хэрэгжилтийн талаарх албан бичиг хүргүүлсэний дагуу нийт профессор, багш, ажилтан, ажилчдын үндсэн цалинг 30% -иар нэмэгдүүлсэн. Сургуулийн захиргаатай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн ШУТИС-ийн нийт багш, ажилчдын хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хамтын гэрээ байгуулах гэж багагүй хугацаа өнгөрлөө. 2010-2011 оны хичээлийн жилийн Хамтын гэрээгээр та бидний хууль ёсны эрх ашиг, сонирхол илүү давуу талуудтай болсон. Бид профессор, багш нарын гүйцэтгэсэн илүү цагийг хувилахгүйгээр тооцох, илүү гүйцэтгэсэн нэг кредитын үнэлгээг үндсэн цалингийн 70%-тай тэнцэх хөлсөөр олгох тал дээр ШУТИС-ийн захиргаатай зөвшөлцөөнд хүрч, 2011-2012 оны хичээлийн жилээс мөрдүүлэх болсон гэдгээ мэдэгдэхэд таатай байна.

Бид бүхэн хийсэн ажлынхаа амжилтыг дурдахын зэрэгцээ ҮЭ-ийн хороо нь багш ажилчдын нийгмийн асуудлын тухай, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй ажиллагааг хангах тухай, ҮЭвлэл захиргааны хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон асуудлуудыг  тусган хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.

2010 оны 9-р сард ҮЭ-ийн Нэгдсэн хороо, Багш нарын зөвлөлтэй хамтран Баянголын аманд амины орон сууц барих зориулалтаар газар эзэмших гэсэн профессор, багш нарыг төлөөлж Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагчид хүсэлт илгээж, сургуулийн Захиргаатай хамтран ажилласны үр дүнд 2011 оны 2-р сарын 1-нд эдгээр хүмүүс газрын гэрчилгээгээ гардан авлаа. ҮЭ-ийн салбар хороодын дарга нар оюутны байранд амьдардаг багш, ажилтан, ажилчдыг гаргах болсон асуудлаар санал гомдлоо ҮЭ-ийн Нэгдсэн хороонд гаргасны дагуу бид Ректорын зөвлөл дээр энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж чадсан болно.

            Ингээд эрхэм багш, ажилтан та бүхэнд XVII жарны “Илжиг” хэмээгч Төмөр туулай жилдээ амар амгалан, эрүүл энх байж, алс хэтийн эрхэм зорилгоо саадгүй биелүүлэх их ирээдүйд тань өндөр амжилтыг хүсье.

ҮЭ-ийн Нэгдсэн Хороо