Зураг, төслийн автоматжуулсан системийн анхдугаар олимпиад боллоо

Монгол  Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Зураг, төслийн автоматжуулсан систем CAD/CAM-ын улсын анхдугаар олимпиад Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хоёр өдөр болж өндөрлөлөө. Нээлтэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Бид японы үйлдвэрлэгчидтэй  хамтарч машины эд анги хийж байна. Энийг дэмжин шинэ салбар гаргаж ирэх шаардлагатай.  Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой гэсэн үзэл баримтлалыг аль ч нам сонгуулийн болон үйл ажиллагааны  хөтөлбөртөө тусгасан байдаг. Монгол өнөөдөр энэ чиглэл рүү анхны алхмуудыг  хийж байгаа. Монгол  Улсын Ерөнхийлөгч ч үйлдвэржилтийн асуудлыг анхааралдаа байлгадаг. Тиймээс Ерөнхийлөгч энэ  олимпиадыг дэмжин жил бүр зохиож, бас ивээлдээ авья гэж үзсэн юм. Нөгөөтэйгүүр японоос ирсэн хамтран ажиллагч компанийн захирал нь бидэнтэй уулзаж, монголчуудын оюуны чадавхи, хөдөлмөрийн бүтээмж япончуудынхаас дутахааргүй юм гэж хэлсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Японд айлчилж, олон зүйлийг ярилцан зөвшилцсөн. Тэдний нэг нь японы технологийг монголд ургуулах асуудал байлаа. Миний бодлоор тэр технологийг ургуулах гэж буй хүмүүс өнөөдөр энэ олимпиадад оролцож байна. Японы технологийг монгол инженерүүд нэвтрүүлж, улам нарийсган хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. CAD/CAM-ын улсын анхдугаар олимпиадад оролцож буй инженер, оюутан залуучууддаа амжилт хүсье” гэлээ.
Олимпиадын нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Л.Эрхэмбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бусад хүмүүс оролцов.

 

Инженерийн зураг төсөл, үйлдвэрлэлийн автоматжуулсан систем бүхий технологийг сурталчлах, оюутан, зохион бүтээгч инженерүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийг орчин үеийн түвшинд хүргэх, дэвшилтэт өндөр технологид үндэслэн боловсрол, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус улсын анхдугаар олимпиадыг Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо санаачлан зохион байгуулжээ. Олимпиадад 81 оюутан, 46 инженер техникийн ажилтан оролцохоор ирсэн байв. Олимпиадыг оюутны, инженер техникийн ажилтны, багийн гэсэн гурван хэсэгт хувааж зохион байгуулсан байна.   Эхний хоёр хэсгээс шалгарсан 8 оюутан, 8 инженер техникийн ажилтны дундаас сугалаагаар  4 баг бүрдүүлж, багийн тэмцээн зохион байгуулав.

Оюутны хэсгээс ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Б.Нямбаяр нэгдүгээр байрт, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Ц.Ариунболд хоёрдугаар байрт, ОХУ-ын Братск хотын ТИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр гуравдугаар байрт тус тус шалгарлаа. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Хэнчбиш, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан  Б.Батболор нар тусгай байр эзэлсэн байна. Б.Нямбаярыг диплом, алтан медаль, нэг сая төгрөгөөр, Ц.Ариунболдыг диплом, мөнгөн медаль, 800 мянган төгрөгөөр, Б.Эрдэнэбаярыг диплом, хүрэл медаль, 500 мянган төгрөгөөр, Д.Хэнчбиш, Б.Батболор нарыг диплом, тус бүр 300 мянган төгрөгөөр шагнав.
Инженер техникийн ажилтнуудаас Эрдэнэтийн УБҮ-ийн инженер Б.Данаажав нэгдүгээр байрт, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай хоёрдугаар байрт, Улаанбаатар төмөр замын инженер Ц.Чинзориг гуравдугаар байрт, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй, АПУ компанийн инженер Ц.Гантулга нар тусгай байрт шалгарлаа. Шалгарагсдад оюутнуудын адил диплом, медаль, мөнгөн шагнал гардууллаа.
Багийн тэмцээнд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан Б.Батболор, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Далайцэрэн, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй нарын бүрэлдэхүүнтэй баг түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом, аврагын диплом, нэг сая төгрөгийн шагнал хүртэв.
Олимпиадын байр эзлэгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан нар диплом, медаль, мөнгөн шагналыг гардуулж баяр хүргэлээ.


ЗХШҮГ