ХБНГУ-ын Кемницийн ТИС-ийн хөрөнгө оруулалтаар ЭХС-д байгуулагдах хоёр лабораторийн эхний хэсэг болох “Raspberry Pi”-г хүлээн авах үйл ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болов. Тус үйл ажиллагаанд хандивлагч сургуулийг төлөөлөн Кемницийн ТИС-ийн Компьютерийн сургуулийн дэд захирал, компьютерийн инженерийн тэнхимийн эрхлэгч профессор В.Хардт, ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Д.Өлзий-Орших, ЭНБД Б.Бат-Эрдэнэ, Цахилгаан техникийн тэнхимийн эрхлэгч Ч.Нацагдорж болон багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо.
Лабораторийн төхөөрөмж хүлээн авах үеэр ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав “Германы сургууль өөрийн сургалтын орчинг манай сургуульд бий болгон хоёр төрлийн лабораторийг хандивлаж байгаад манай хамт олон маш их баяртай байна. Цаашдаа эдгээр лабораториудыг зөвхөн сургалтад биш КТИС-тэй хамтарсан судалгааны ажил, олон улсын уралдаан тэмцээнд зориулан ашиглах болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.
“Профессор В.Хардтын санал болгож байгаа “Rapsberry Pi” дээр тулгуурласан олон улсын олимпиадыг хийх талаар танай сургууль анхааран ажиллах нь зүйтэй” гэж ШУТИС-ийн УЗ-ийн дарга Ц.Буянцогтоо багш нарт хандан өгүүллээ.
ХБНГУ-ын хандвын лабораторийн дараагийн хэсэг болох “FPGA” хавтан бүхий системийн загварчлалын иж бүрэн лаборатор тун удахгүй ирэх бөгөөд ЭХС-ийн 55 жилийн ойн үеэр тус лабораторийг иж бүрнээр нээх ажиллагаа болох юм байна.