Биомеханикийн судалгааны лаборатори байгуулагдав
Боловсрол, шинжлэх ухааны яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн 394.086 мянган долларын санхүүжилтээр ШУТИС-д Биомеханикийн судалгааны лаборатори байгуулагдаж нээлтээ Шинжлэх ухаан технологийн төв номын санд 9 сарын 10-ны өдөр хийлээ.
 
Төслийн хүрээнд Биомеханикийн судалгааны лабораторид компьютер удирдлагатай туршилтын универсаль машинд ашиглагдах нэмэлт тоноглолууд, туршилтын болон хэмжилтийн багаж хэрэгслүүд, сервер зэргийг нийлүүлсэн бөгөөд хиймэл эд эрхтэн, машин, системийн шинэ хийц, загваруудын инженерийн тооцоо, симуляцийг гүйцэтгэх болон тэдгээрийн эд ангиудын бат бэх, хөшүүн чанар, тогтвор, хатуулаг, хүчдэл-хэв гажилтын төлөв байдлыг туршилтаар судлах зориулалттайгаар сургалт, судалгаанд ашиглана. 
Нээлтийн ёслолын арга хэмжээнд БСШУЯ-ы сайд Л.Гантөмөр, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Төсөл, хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсон, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш нар оролцож нээлтийн үг хэлж, амжилт хүсэв.