ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ШУТИС-ийн 24 оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ХААН Банкны хамт олон Монголын ууган их сургуулиуд болох ШУТИС, МУБИС, ХААИС-аас “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.   
Монголын тэргүүлэгч их сургууль болох ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон сургуулийн удирдлагууд оролцсон бөгөөд ХААН Банкны УБИБ-ны захирал Д.Ариунбат тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 шилдэг оюутны батламжийг тус сургуулийн ректор Б.Очирбатад хүлээлгэн өглөө.
Д.Ариунбат захирал “Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банкны ХААН Банк Сангаас 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгссөн шилдэг 70 шинэ оюутанд сургалтын тэтгэлэг олгож байгаагаас 24 шилдэг оюутан нь ШУТИС-ийн оюутнууд байгаа нь бахархууштай  байна” хэмээн онцолсон юм.    
   
Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч шилдэг шинэ оюутнуудад тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм.

“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан оюутны тэтгэлгийн батламжийг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болсон ШУТИС-ийн Ректоратын хурал дээр гардуулан өглөө.
Мянга мянган оюутан залуусын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
 
Оюутны хөгжил, үйлчилгээний алба