Ази тивд анх удаа тэр дундаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 3-ны хооронд Налайх дүүргийн Дархан ноёны худаг гэдэг газарт боллоо.
Тэмцээнд дэлхийн 26 орны 325 нисэх загварын онгоцны тамирчид өрсөлдсөн байна. Тэд дэлхийн А зэрэглэлтэй “Монголын цом 2015″, "Түвшин цом 2015" чөлөөт нислэгийн цомын тэмцээн, "МИКСМАН 2015″ чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн, 2015 оны Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг цуврал тэмцээнд оролцсон байна. Тус цуврал тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн захирал, шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, МехТС-ийн профессор, шигшээ багийн гишүүн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбат нар амжилттай оролцсон байна.
Тэдний амжилтаас дурьдвал дэд профессор Б.Сүхбат дэлхийн цомын аваргын "Монголын цом 2015" тэмцээнд хүрэл медаль, "Түвшин цом 2015" тэмцээнд мөнгөн медаль, профессор Б.Эрдэнэбат 2015 оны Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, "Түвшин цом 2015" тэмцээнд хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилт гаргалаа.
Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч БШСУЯ, ЭМСЯ, ШУТИС, МЗХ хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

