ШУТИС-ийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
     Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажиллагаа морин хуурын аялгуугаар эхэлж ирсэн зочдыг хүндэтгэлийн тайзанд урьлаа. Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн төсөл, хөтөлбөрийн албаны дарга Андэрс Пэттэрссон, Санко группын ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр, Хаан банкны Иргэдийн банк хариуцсан захирал Д.Ариунбат, ШУТИС проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, Д.Батчулуун, П.Жаргалтуяа болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад холбогдох хүмүүс оролцлоо.
 
 
 
    Нээлтийн ёслолд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “Сайн байцгаана уу эрхэм хүндэт профессор багш нар, оюутан залуучууд, манай нээлтийн ёслолын ажиллагаанд уригдан оролцож байгаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр, хүндэт зочид төлөөлөгчдөө. Өнөөдөр 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдөр манай бүх шатны боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн нээлтийн уламжлалт баярын өдөр. ШУТИС шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангаж өнөөдөр 2015-2016 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа албан ёсоор нээж байна. Манай ШУТИС-ийг энэ онд сонгон их сургуулийн оюутнаар элсэн суралцаж байгаа 3000 гаруй оюутан залуучууд та бүхэндээ ШУТИС-ийн нийт эрмийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхний элсэн суралцаж байгаа энэ цаг үе бол Монгол Улсын хувьд инженер технологийн боловсролын хөгжлийн шинэ эрин үе эхэлж байгаа цаг үетэй тохиож байгаагаараа түүхэн онцлог сайхан он жилүүд болж байна. Би яагаад ингэж хэлж байна гэхээр сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэл тэр дундаа инженерийн боловсролын өөрчлөлт шинэчлэлтэд Монгол Улсын Засгийн газар, БСШУ-ны яам онцгой анхаарал хандуулж олон улсын жишигт нийцсэн чадварлаг, үндэсний инженерүүдийг бэлтгэхэд их сургуулийн хөтөлбөрийг шинэчилж, шинэ инженерүүдийг бэлтгэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Манай боловсролын салбарын сайд Л.Гантөмөр япон улсад инженерийн боловсрол эзэмшсэн цөөхөн инженерүүдийн нэг. Энэ цаг үед манай боловсролын салбарыг ийнхүү инженер хүн тэргүүлж байгаа нь ШУТИС-ийн хөгжлийн хувьд ихээхэн ач холбогдолтой, нэмэртэй, түшиг тургуур болж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Инженерийн боловсролын өөрчлөлт шинэчлэлтэд шинэ үе эхэлж байгааг цөөн хэдэн жишээгээр та бүхэнд хэлхийг хүсч байна. Өнөөдөр бид инженерийн боловсролын олон улсын CDIO санаачлагад ШУТИС албан ёсоор нэгдэж бүх түвшиний инженерийн боловсролын хөтөлбөрүүдээ чадварлаг инженерүүд бэлгэх олон улсын шинэ стандартын дагуу хөгжүүлж нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. CDIO-ийн стандарт бол мэддэг биш чаддаг инженерүүдийг бэлгэн гаргаж өөрийн ажлын байраа өөрөө бий болгож чаддаг инженерүүдийг бий болгоход чиглэсэн. Инженер хүмүүст бизнесийн боловсрол олгож энтерпренер инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн цогц хөтөлбөр стандарт, чадамжуудын агуулга арга зүйн цогц үзэл баримтлал юм. Энэ арга зүйг бид өөрийн хөтөлбөртөө нэвтрүүлэх энэ ажлыг манай БСШУ-ны яам, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс бүрэн дэмжиж тодорхой ажлуудыг энэ хичээлийн жилд хийж хэрэгжүүлэхээр болоод байгаад их баяртай байна. Нөгөө талаар Япон улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу инженер технологийн дээд боловсрол ЖАЙКА-гийн төсөл амжилттай хэрэгжиж энэ хичээлийн жилд төслийн дагуу 2+2 япон монголын их, дээд сургуулийн хамтарсан хөтөлбөрт 100 гаруй оюутан, Японы Коосен коллежийн бэлтгэл хөтөлбөрт 50 гаруй оюутан элсээд байна. Энэ хамтарсан хөтөлбөрт манай улсын Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс хамгийн өндөр оноотой буюу 680-аас дээш оноотой элсэгчид сонгон элссэн. Энэ элсэгчиддээ тусад нь халуун баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
      Ийнхүү бид инженерийн боловсролыг олон улсын жишигт хүргэж мэдлэг чадвар өндөр, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц, эх орныхоо ирээдүйн хөгжлийг цогцлоох чадварлаг инженерүүдийг бэлтгэх, инженер технологийн боловсролын шинэ эрин үетэй золгож байна. Манай сургуулийг сонгон элсэн суралцсан нийт элсэгчиддээ, эцэг эхчүүдэд нь халуун талархал илэрхийлж, та бүгдийг чадварлаг сайн инженерүүд болгон төгсөн гаргахын төлөө манай их сургуулийн эрдмийн хамт олон профессор багш нар чадах бүхнээ хийж хичээн ажиллах болно. Шинэ хичээлийн жилдээ манай профеесор багш нар урьдын адил боловсрол, шинжлэх ухаан, судалгааны ажил, олон нийтийн ажилдаа идэвх зүтгэл гарган амжилттай сайхан ажиллахыг хүсэн ерөөе. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа нээснийг мэдэгдье” гэлээ.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “ШУТИС нь нэрэндээ таарсан монголын шинжлэх ухааны ирээдүй болсон сургууль. Сургуулийн удирдлагууд оюутнуудаа сайн инженер, сайн мэргэжилтэн болгохын төлөө хөтөлбөрийн шинэчлэлээ шамдаж хийж байна. ШУТИС-д элсэн орж байгаа оюутнуудыг ирээдүйд Монгол инженерүүдээсээ илүүг гаргаж, хийж чаддаг, сэтгэдэг, боддог, төлөвлөдөг, дизайн хийдэг, үүнийгээ гардаж хийж чаддаг инженерүүд болгохын төлөө энэ дэлхийн санаачилгатай нэгдэж манай инженерүүд, мэргэд маань ханцуй шамлан орсон байгаа. Ажлын үр дүн тун удахгүй гарна гэдэгт би итгэж байгаа. Зэрэгцүүлээд 1000 инженерийн хөтөлбөр, КООСЕН сургалтууд явж байна. Монгол орон хөгжие гэвэл хүн төрөлхтөнөөс арай өөрөөр хардаг, арай өөрөөр сэтгэдэг, бусдын хийж чадахгүйг хийж чаддаг, тийм инженерийн армитай болохыг зорьж байна. Тийм инженерүүдийг бэлтгэдэг багш нарыг мөн гаргаж ирье гэж зорьж байгаа. Энэ ажлыг хийж чадаж байгаа эрдэмтэн, багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье.” хэмээн онцоллоо
       Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо оюутан залуучуудад мэндчилгээ дэвшүүлэв. Нээлтийн үеэр “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ээр ДаТС-ийн Г.Дарьжав, МехТС-ийн Ц.Доржсүрэн, БАС-ийн С.Тайван, ХШУС-ийн О.Батцэцэг, ЭХС-ийн Б.Мөнхжаргал нар шагнагдав. Санко группын ерөнхийлөгч Шимизү Такаши, Санко маркетинг компанийн захирал Г.Нямдэлгэр нар ШУТИС-ийн 5 оюутанд, Хаан банкны Иргэдийн банк хариуцсан захирал Д.Ариунбат 21 оюутанд байгууллагынхаа тэтгэлгийг гардуулан өглөө. Энэ хичээлийн жилд хамгийн өндөр оноогоор элсэн суралцаж буй сурагчидад бэлэг дурсгалын зүйлийг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд гардууллаа.
 
       Шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн гадаах задгай талбайд шинээр элсэн суралцагч оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Нээлттэй өдөрлөгт ОХҮА, ШУТТНС, ЭМТ, ОХ, мэргэжлийн клубүүд оролцов. Элсэгчдийг төлөөлж ХШУС-ийн оюутан Э.Чимэг үг хэлж, оюутны тангараг өргөн ШУТИС шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
 
      Мөн энэ өдөр манай сургуулийн 100 гаруй оюутан Чингисийн талбайд 1000 оюутны тангараг өргөх ёслолд амжилттэй оролцжээ. Тус арга хэмжээг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулжээ. Жил ирэх бүр оролцох оюутны тоо нэмэгдэж, ёслолын үйл ажиллагаа өргөжсөөр байна.