Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн гэрчилгээгээ гардан авлаа
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөр Герман улсын ASIIN e.V.-(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics) болон Европын холбооны EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes) байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн байна. Магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээ олох ёслолын арга хэмжээ 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БСШУЯ-ны ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Л.Гантөмөр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан нар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээг ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ЭХС-ийн профессор Б.Сэргэлэн нарт гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг гардууллаа. Үүнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинд гардуулан өгсөн байна.