Шилдэг оюутнууд зуны сургалтанд хамрагдаад ирлээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Оюутны холбооноос зохион байгуулсан “Ирээдүйн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт зуны VII сургалт семинар боллоо. Сургалт Өвөрхангай аймгийын Хархорин суманд зургадугаар сарын 9-16-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалт семинарт бүрэлдэхүүн 17 сургуулийн төлөөлөл болсон шилдэг 48 оюутан, хоёр лектор, нэг багш оролцсон бөгөөд бусаддаа мэдлэгээ харамгүй түгээсэн. Оюутнуудыг гурван бүлэгт хувааж, бүлэг нь багт хуваагдаж, баг бүр ахлагчтай байлаа. Багууд өөрийн нэр уриатай болж зохиогдож буй тэмцээн уралдаанд хамт олноороо идэвхитэй оролцож байв. Уг сургалт семинарт тавигдсан лекцүүдээс дурьдвал Багаар ажиллах чадварын тухай, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадал олгох сургалт, Гүйцэтгэх Хорооны тайлан, Оюутны Холбооны зорилго чиглэлийн танилцуулга, Оюутан гэж хэн бэ?, ШУТИС-ийн ОЮУТАН байх нь..., “ШУТИС-ийн захиргаа-ШУТИС-ийн Оюутны Холбоо”-ны хамтын ажиллагаа, Хичээл зүтгэл-амжилтын үндэс, ШУТИС-ийн хөгжилд оюутны оролцоо гэх мэт єргєн цар хүрээг хамарсан лекцүүд тавигдсан нь шилдэг оюутнуудын анхаарлыг татсан лекц болов. Лекц бүрийн төгсгөлд оюутнууд өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцан ярилцаж байсан нь лекцийг ач холбогдолтой болгож өгсөн. Мєн сургалт семинаруудаас гадна оюутнуудын дунд хэлэлцүүлэг явуулж мэдлэг боловсрол үзэл бодол, ШУТИС-ийн ирээдүйн хөгжилд юуг хийж чадах талаарх санал хүсэлтийг хүлээж авсан.

 

 
Тvvнчлэн Өвөрхангай аймгийн нутагт орших байгалийн дурсгалт газруудтай танилцаж, холбогдох хүмүүсээс түүхэн эх сурвалж мэдээллийг авч байлаа. Шилдэг оюутнууд сургалтанд оролцохоос гадна монгол орныхоо түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт тогтоцын тухай мэдлэгтэй болов. Оюун ухаан, мэдлэг боловсрол талаас нь анхаарсан төдийгүй соёл хүмүүжил, урлаг спортын хурд хүч, авахаалж самбааг шалгасан тэмцээн уралдааныг зохион байгуулж байсан бөгөөд эртний дурсгалт газар болох Эрдэнэ зуу хийдийг үзэж сонирхохоор байрлаж буй баазаасаа 20 км-ийн явган аялалыг зохион байгуулсан. Ийнхvv бидний хөгжилтэй өнгөрүүлсэн долоо хоног нүд эрмэхийн зуур өнгөрч нийслэл Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоогоо залсан.

 


ЗХШҮГ