Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл хэрэгжиж байна

Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадсан байна. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна. Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУТИС-ийн Холбоо, Мэдээллийн Технологийн Сургуулийн профессор, ШУ-ны доктор Б.Сүхбаатарын удирдлагаар судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрч байна. Компьютерийн технологийн эх орон болох Тайваний холбогдох их сургууль, компанитай хамтран ажиллаж байна.

Компьютерийн эх хавтанг нэг чип дотор багтаасан учраас зөөврийн компьютерийг зохион бүтээх, үйлдвэрлэх ажлыг маш хялбар болгож өгчээ. Энгийн хийцтэй, овор багатай, механик гэмтэлд бат бөх, хамгийн хямд үнэтэй зөөврийн компьютер нь бүх шатны суралцагсад, оюутнууд, хүн бүр биедээ байнга авч явж болох жинхэнэ зөөврийн гэсэн утгаар хэрэглэгдэх компьютер гэж болохоор байна. Нэг л номны дайтай, гэхдээ үргэлж өөртөө авч явдаг “ном-компьютер” байна гэсэн үг. Суурь үнэ нь $200 орчимд байх юм байна. Эх орондоо олноор үйлдвэрлэхэд технологийн хувьд бэлэн болгожээ. Хэрэв цахилгаан тэжээл байхгүй бол энгийн 8ш хуруу зай аваад ажиллуулах боломжтой хийгдсэн. Дахин цэнэглэдэг АА 8ш хуруу зайгаар ажиллах ба зайгаа өөрөө цэнэглэнэ, эсвэл хялбархан нарны зайгаар цэнэглэх боломжтойг туршиж үзсэн байна. CPU нь сэнсгүй учир дуу чимээгүй, иймээс дуу чимээний ядаргаагүй ажиллах бас нэг боломж бүрдсэн. Кабелийн LAN (RJ-45) холболт, утасгүй Wi-Fi холболт зэргээр интернэтэд холбогдох боломжтой. Edubook нь Linux/Windows XP үйлдлийн систем суулгах, интернэт ашиглах, MS Office-ийн өргөн хэрэглээний програмуудыг хэрэглэх бүрэн боломжтой.

Компьютерийн эх хавтанг нэг чип дотор багтаасан учраас компьютерийн бүхэл бүтэн процессорыг компьютерийн гар дотор багтааж чадсан байна. Үүнийг Keyboard PC буюу монголоор Гар Компьютер хэмээн нэрлэж байна. Keyboard PC нь ердөө компьютерийн гар шиг харагдах боловч дотор нь орчин үеийн компьютерт байдаг бараг бүх боломжууд байна. Хэрэв тусгай монитор байхгүй бол телевизорыг дэлгэц болгон ашиглах боломжтой хийгдсэн. Энгийн хийцтэй, овор багатай, зай бага эзлэх, боломжийн хямд үнэтэй Keyboard PC нь айл өрх, хүүхэд, залуус, хүн бүрийн хоёрдох компьютер байх болно. Суурь үнэ нь $150 орчимд байх юм байна.

Эдгээр компьютерүүдийн онцлог нь хатуу дискийг SD Card, SATA Hard эсвэл SSD (Solid State Disk) гурвын аль нэгийг хэрэглэгч өөрөө сонгон авч болохоор хийгджээ.

Keyboard PC-г айл гэр, сургууль болон төрөл бүрийн үйлчилгээний байгууллагуудад хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа бүх шатны сургуулийг компьютержуулахад хэрэглэх нь эдийн засгийн хувьд нэн тохиромжтой гэж үзэж байна. Харин нь зөөврийн компьютер нь бүх шатны суралцагсад, оюутнууд, хүн бүр өөртөө байнга авч явж болох хамгийн хямд, жинхэнэ зөөврийн компьютер болсон гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан 2 файлаас авч үзнэ үү.

DOWNLOAD 1

DOWNLOAD 2