Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУТИС-ийн төгсөгч, инженер Н.Нацагням Азийн Бүтээмжийн байгууллагын "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагнал хүртлээ. Шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн хурлын танхимд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.


Шагналыг олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байгаа бөгөөд БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар гардууллаа. Я.Төмөрбаатар "Энэ шагнал бол монголчуудын хувьд асар үнэтэй. Монголын Бүтээмжийн төв нь тус байгууллагын гишүүнчлэлтэй. Яамны зүгээс Үндэсний бүтээмжийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байна. Цаашид үндэсний бүтээмжийн эрхзүйн орчныг бий болгох, боловсон хүчнийг сургаж бэхжүүлэх, нийгмийн сэтгэлзүйг энэ чиглэлд бэлтгэхэд олон ажил хийх болно. Н.Нацагнямдаа цаашдынх нь ажилд амжилт хүсч, инженерүүдээ манлайлан, эх орондоо ихийг хийж бүтээнэ гэдэгт нь итгэж байна” гэв. Энэ үеэр Н.Нацагнямд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Шилдэг зохион бүтээгч” цол тэмдгийг гавьяат хуульч Н.Чинбат гардуулав.

Түүнчлэн ШУТИС-ийн ректор Б.Очирбат Н.Нацагнямд төрөлх сургуулийнхаа нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж байгаад тус сургуулийн ректорын зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс талархал дэвшүүлж байгааг уламжиллаа. Шагнал гардуулах ёслолд ШУТИС-ийн эрдэмтэн багш, доктор, оюутнууд оролцож инженер Н.Нацагням ирсэн зочидод зориулан лекц уншлаа.