"Олон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт" сэдэвт семинар боллоо
     "Олон улсын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт" сэдэвтолон улсын хамтарсан семинарыг БСШУЯ, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”, Олон улсын магадлан итгэмлэлийн байгууллага (ASIIN), Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл хамтран 2015 оны 1 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгууллаа. Тус семинарт БСШУЯ, Монголын боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон Монгол Улсын их, дээд сургуулиудын 100 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн ASIIN-ын гүйцэтгэх захирал Iring Wasse,ASIIN-ын олон улсын оффисын дарга Jana Moehren, Мэдээллийн Техникийн шинжлэх ухааны Европын Сүлжээний Чанарын байгууллагын Ерөнхийлөгч, Берлиний Техникийн Их сургуулийн дэд ерөнхийлөгч Hans-Ulrich Heiss нар оролцож “ASIIN-ын магадлан итгэмжлэх үйл явц”, “Европын магадлан итгэмжлэлийн” тухай мэдээллийг оролцогчдод өглөө.
 
     “Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, Европын магадлан итгэмжлэлийн EUR-ACE болон EQANIE байгууллагуудын удирдах албаны хүмүүс болон тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэнүүд хүрэлцэн ирж, дээд боловсролын магадлан итгэмжлэл, олон улсын жишигт нийцсэн дээд боловсролын байгууллагыг хэрхэн яаж хөгжүүлж, амжилтанд хүргэх талаар бидэнд үнэтэй зөвлөмж өгч, ажлын туршлагаасаа сэтгэл харамгүй хуваалцаж байгаад ШУТИС-ийн Проректор Х.Энхжаргал, ШУТИС-ийн ректорат, нийт багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Түүнчлэн“2013 онд Монгол улсад анх удаа ШУТИС-ийн ЭХС-ийн "Цахилгаан хангамж"-ийн инженерийн хөтөлбөр Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагуудад амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн нь цаашид манай ШУТИС олон улсад нэр хүнд бүхий, судалгаанд суурилсан, нээлттэй их сургууль болж хөгжихөд анхны алхам, үнэлж барашгүй тус нэмэр болоод зогсохгүй асар их амжилт, хөгжил, дэвшилийн эхлэл болно” гэв.
  
 

     Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн нь тухайн байгууллагуудын дэлхийн хэмжээн дэх нэр хүнд, байр суурийг илтгэн харуулж байна.