“Монгол улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт “Шилдэг шийдэл-2010” уралдаан

“Шилдэг шийдэл-2010” уралдаан

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл Экспо төв хамтран жил бүр зохион байгуулдаг “ICT-Expo 2010” үзэсгэлэн яармаг 5-р сарын 14-17-нд “Сайхан хот, сайхан амьдрал” уриан дор тав дахь жилдээ болох гэж байна.

Үзэсгэлэн яармагийг “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг бөгөөд эдгээрийн хүрээнд “Монгол улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт “Шилдэг шийдэл-2010уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго нь :

-Мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр хэрэглэх нь хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийг хамгаалахад чухал үүрэгтэйг нийтэд ойлгуулах;

-Мэдээлэл, холбооны технологийг хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийг хамгаалах зорилгоор ашиглах шинэ шийдэл, арга зам, санаачилга, туршлагыг төвлөрүүлэхэд оршино.

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд БНХАУ-д зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлт дээр хэлэлцүүлсэн “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” илтгэлдээ, Монголын Засгийн газар эх орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдаад, хөрөнгө оруулалтыг хүрээлэн буй орчинд аюулгүй байлгахад чиглүүлж, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар ногоон эдийн засагт шилжих, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж буйгаа онцолсон юм.

Засгийн газрын тэргүүний Ази дахины өмнө дэвшүүлсэн зорилт буюу эх орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд мэдээлэл, холбооны салбарын оруулах хувь нэмрийн талаар эрдэмтэд, судлаачдаас оновчтой санал, дүгнэлт, шийдлүүд дэвшүүлж уралдаанд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.

Уралдааны удирдамжтай www.ictpa.gov.mn хаягаар орж танилцана уу.  DOWNLOAD

 

МШХХТГ, ХХЗХ, ШУТИС, Жи-Мобайл ХХК.