Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо

 

Шинжлэх ухаан, технологийн ахлах сургуулийн 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн нээлт 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ЭЗХ-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Т.Намнан, Ч.Баасандаш, Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр, ШУТАС-ийн захирал Г.Адьяахүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, НҮНХА-ны дарга Б.Очир нар оролцлоо. ШУТАС 2014-2015 оны хичээлийн жилд 17 бүлэгт 504 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ хичээлийн жилийн онцлог нь тус ахлах сургууль өөрсдийн гэсэн байр, анги танхимтай боллоо.

 

 Ахлах сургуулийг өнгөрсөн онд “Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль” болгон олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулсанаар тус ахлах сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэлийг  их сургуулийн бодлого  чиглэл, инженерийн сургалтын хөтөлбөр, агуулгатай уялдуулах, зохион байгуулалтаар ханган, дэмжлэг үзүүлэх боломж бүрджээ. Мөн Монгол Улсын хэмжээнд Шинжлэх ухааны загвар ахлах сургууль байгуулсанаар хот, хөдөө орон нутгаас байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг элсүүлэн суралцуулаж байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус сургуулийн сурагчид улс, хот, дүүргийн олимпиадад олон арван амжилт үзүүлсэнийг нээлтийн ажиллагааны үеэр танилцууллаа. ШУТИС-ийн Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр Улсын математикийн олимпиадад шагналт 4-р байр эзэлсэн 11б ангийн сурагч Н.Дэлгэрсүрэнд шагнал гардуулж нийт амжилт гаргасан сурагчиддаа баяр хүргэв.