Экскаваторыг компьютерийн ард суугаад жолоодож сурах боллоо

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр сургалтын шинэ кабинеттай боллоо. Тус кабинет нь экскаваторын ажлын орчны бүхий л нөхцөл байдлыг тусгасан програмаар хангагдсан бөгөөд нэг дор 25 оюутан хичээллэх боломжтой юм. Манай улсад зам, барилга, уул уурхайн салбарт одоо ашиглагдаж байгаа Америк, Япон, Хятад, Солонгос зэрэг орны фермүүдэд үйлдвэрлэгдсэн гидродамжуулагатай экскаватор дээр ажиллах операторыг бэлтгэх сургалт явуулахаар тусгайлан зориулж төслийн захиалгаар хийгджээ. Энэхүү экскаваторын виртуаль симулятор нь 17 мянган ам.долларын үнэтэй. Уг төслийг Бүгд Найрамдах Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар хийж гүйцэтгэсэн байна. Виртуаль симулятор мэргэжилтэй ажилчин бэлтгэх анхан шатны сургалтанд ашиглах, бодит экскаватор дээр дадлага хийхэд учирч болох эрсдэлийг үгүй болгох, сургалтын дадлагын зардал хэмнэх, өөр өөр төрлийн экскаватор дээр ажиллаж сурах зэрэг олон давуу талтай аж. Тус эксковаторын виртуаль симуляторын нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Асим Арар, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Турк улсын ОУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эрол Чэтин, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Умут Дениз нар оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр уг төхөөрөмжийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өөрийн биеэр ажиллууж үзсэн. Мөн Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Асим Арар сайдын дараагаар уг төхөөрөмж дээр ажиллаж үзэв. Мөн сайд Ё.Отгонбаяр болон элчин сайд Асим Арар Механик инженерийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүндэт дэвтэрт өөрсдийн сэтгэгдлээ бичиж гарын үсэг зурсан юм.
Дэвшилтэт технологид суурьлагдсан сургалтын шинэлэг хэлбэрийг ШУТИС-ийн Механик инженерийн сургууль сургалтын байгууллагуудаас анх удаагаа нэвтрүүлж байгаа юм. Одоогоор уг төхөөрөмж манайд Вагнер Ази, Комит зэрэг компаниудад ашиглагдаж байна.

 

 


ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн