”ИХ СУРГУУЛЬ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

ШУТИС-иас санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран  ”Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн эрхийн харилцааны асуудлууд” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 4 сарын 15-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулах гэж байна. 

Монгол улсад оюуны өмчийн биет бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлж Монгол улс аж үйлдвэржих, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харьцаанд шилжин ороход тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд голлох үүрэг гүйцэтгэх болж байна. Энэ их үүргийг гүйцэтгэхэд юуны өмнө их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын өөрийн олон жилийн үйл ажиллагааны үр дүнд буй болгосон оюуны өмч, бүтээлийг эрх зүйн хувьд баталгаажуулах, цаашилбал оюуны өмчийн онцгой эрхийг хэрхэн өмчлөх, эзэмших мөн уг онцгой эрх, биет бус хөрөнгийг ашиглан бүтээсэн биет баялгаас хэрхэн, яаж эдийн засгийн хувь хүртэх зэрэг харилцааг зохицуулах нь өнөөдрийн нэн тулгамдсан асуудлуудын нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд мэдээлэл харилцаа, холбооны технологийн хөгжилтэй уялдан цахим хэлбэрээр бүтээгдэж буй болсон оюуны өмч, бүтээлүүдийг өмчлөх, эзэмших, хамгаалах, ашиглах зэрэг харилцаануудыг зохицуулах асуудлыг судалж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Эдгээр асуудлуудыг олон улсын нийтлэг жишгийн хүрээнд судалж хэлэлцэх, нэг талаас их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, нөгөө талаас тэнд ажиллаж буй профессор багш нар, эрдэмтэн судлаачдын эрх ашгийг хамгаалах, оюуны өмчийн эрхийн харилцааны талаар нийгмийн үзэл бодол, ойлголтыг ойртуулах, цаашид төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтаар нэг мөр болгоход тодорхой санал санаачилга, зөвлөмж гаргах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа болно.   

Тус эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэх үндсэн сэдвүүд:

  • Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн харилцаа

-       Их сургууль, ЭШ байгууллагуудын оюуны өмчийн төрлүүд ба профессор багш нар, эрдэмтэн судлаачдын бүтээсэн ном, сурах бичиг, шинэ технологи, мэдлэгтэй холбоотой патент, ашигтай загвар, бүтээгдхүүний загвар, барааны тэмдэг зэрэг Монгол улсын оюуны өмчийн багц хуульд хамаарагдах оюуны өмчийн зохиогч болон эзэмшигчийн эрхийн асуудлууд.

  • Цахим хэлбэрээр бүтээгдсэн оюуны бүтээлийн оюуны өмчийн зохиогчийн эрх зүйн зохицуулалт

-     Программ хангамж, мэдээллийн систем, мэдээлэлийн сан, онлайн Е-хичээл, е-сурах бичиг, нээлтэй их сургуулийн онлайн сургалтын материал, онлайн материалын creative common тэмдэглэгээ заалтууд, зохиогчийн эрх ба чөлөөт өрсөлдөөн, оюуны өмчийн эрхийн асуудалтай холбоотой Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, оюуны өмчийн эрхийн асуудалтай холбоотой  шүүхийн хэрэгжилт зэрэг зохиогчийн эрхтэй холбоотой оюуны өмчийн онцлог асуудлууд.

  • Оюуны биет бус хөрөнгийн ашиглалт ба үнэлгээ

-        Их сургууль, ЭШ байгууллагуудын патент, ашигтай загвар, бүтээгдхүүний загвар, барааны тэмдэг зэрэг оюуны өмчийн онцгой эрх дээр үндэслэн аж ахуй, бизнессын үйл ажиллагаа явуулах старт ап, спин офф компаниудыг байгуулах, оюуны өмчийг лицензийн гэрээ болон технологи дамжуулалтаар худалдах, дамжуулах, лицензлэх болон түүнтэй холбоотой өмгөөлөл, арбитрын асуудлууд.

Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Төв Номын Санд болно.

Та хуралд оролцох боломжтой болон тавих илтгэлийн материалаа 2012 оны 3 дугаар сарын 15 ны дотор pujimn@yahoo.com  хаягаар ирүүлнэ үү.

Таныг хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.

Инноваци, Технологи Дамжуулалтын Алба. Др. Д.Пүрэвдорж