MUSTAK-ийн ICICT-2014 Эрдэм шинжилгээний хурал БНСУ-ын Асан хотын Сүн Чон Хян Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-иас БНСУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж буй манай залуу судлаач, багш нар болон Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-ийн профессор Ён Ил Ким-ийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан MUSTAK (MUST Association in Korea)-ийн тав дахь олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICICT-2014) БНСУ-ын Асан хотын Сүн Чон Хян Их Сургууль дээр 2014 оны 05 сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сургууль (ШУТИС), Солонгосын Сүн Чон Хян Их Сургууль (SCH), ICT Platform Society-тэй хамтран International Conference on Industrial Convergence Technology-2014 (ICICT2014) нэртэйгээр зохион байгуулагдлаа.

Тус хурлын үйл ажиллагааг нээж Сүн Чон Хян Их  Сургуулийн проректор Хон Жин Ким, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-гийн профессор Ён Ил Ким, ICT Platform Society-ийн Сан Сү Ёо нар үг хэллээ. Мөн тус хурлыг ивээн тэтгэсэн компанийн төлөөлөгчид хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр БНСУ-ын талаас Aditec, Essetel, Itzone, DotQUEUE компаниуд оролцсон ба Монголын талаас ШУТИС дэмжин хамтран зохион байгуулж оролцлоо.

 

ICICT-2014 Олон улсын хурлын салбар хуралдаануудыг профессор Ён Ил Ким, проректор Ч.Баасандаш, профессор Юн Хи Кан, ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, профессор Кан Бин Им нар тус тус удирдан явуулсан бөгөөд тус хуралд Солонгос улсад суралцаж буй 20 гаруй докторант, ШУТИС-ийн БИАС, КТМС, МТС, МИС, МХТС, НТС, ҮТДС, ЭХИС, ГГТС, УУИС, ХИБС-ийн нийт 29 профессор, багш, докторант нар хүрэлцэн ирж хуралд оролцон өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээр боловсролын удирдлага, хэрэглээний математик, механик, барилга, геологи, мэдээлэл холбооны технологи, робот, эрчим хүч, үйлдвэрлэлийн дизайн, хэл шинжлэл, бизнесийн удирдлага ба нийгмийн ажил үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн англи хэл дээр хэвлэн гаргасан байна.  

Тус эрдэм шинжилгээний хурал нь 3 салбар хуралдаанд хуваагдан зохион байгуулагдсан ба хурлын салбар хурал тус бүрээс 1 шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулсан юм.  Шилдэг илтгэлийг нийт хуралд оролцсогчдын үнэлгээ, хурлын удирдагч нарын саналыг үндэслэн тодруулахад:

○ Нэгдүгээр салбар хуралдаанаас Ц.Балжинням (ШУТИС, Математикийн Сургууль) “Well-posedness of Coupled System of the Heat and Maxwell’s Equations” сэдэвт илтгэл;

○ Хоёрдугаар салбар хуралдаанаас Ч.Цэнд-Аюуш (БНСУ-ийн Kwanwoon Их Сургууль, ШУТИС,  Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль) ”Study on ontology based integration approach of Web information resources сэдэвт илтгэл;

○ Гуравдугаар салбар хуралдаанаас Н.Гомбосүрэн (ШУТИС, Механик Инженерийн Сургууль) “Cold start effect of the Removable Pre-Chamber For Gasoline Engine” илтгэл;

тус тус шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ болон мөнгөн шагналаар шагнагдлаа.  

Энэхүү хурал нь БНСУ-д суралцаж буй ШУТИС-ийн залуу судлаач багш нарыг дэмжих, тэднийг ШУТИС-ийн залуу багш, судлаачидтай танилцуулах, судалгааны мэдээлэл солилцох, цаашид харилцан биенээ дэмжиж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Хурлыг зохион байгуулахад болон залуу судлаач багш нарыг тус хуралд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууддаа хуралд оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хуралд идэвхтэй оролцож, судалгааныхаа ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн, илтгэлээ ирүүлсэн, нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний алба