ШУТИС-ийн Хүндэт профессор цол хүртэв

ШУТИС-ийн ректорын гуравдугаар сарын 25-ны А-51 тоот тушаалаар ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж, БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл нарт ШУТИС-ийн хүдэт профессор цол олгохоор болжээ. Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр болж ЭША-ны дарга Х.Отгон-Эрдэнэ Хүндэт профессор цол хүртэж байгаа хүмүүсийг танилцууллаа.

 

Үүний дараа ШУТИС-ийн ректор Б.Очирбат хүндэт профессор цол хүртсэн ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж, БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл нарт хүндэт профессорын диплом гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессоруудад баяр хүргэж ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, БИАС-ийн тэргүүлэх профессор Р.Хишгээ нар үг хэлэв.

Хүндэт профессор ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж

Д.Даваадорж нь 1954 онд төрсөн. 1972-1978 онд Украйн улсын Киевийн политехникийн дээд сургуульд “Дулааны процессийн автоматжуулалт”  мэргэжлээр суралцаж төгссөн. 1978 оноос Улаанбаатар хотын Дулааны I  станцад автоматикийн инженер, 1981 оноос хойш МУИС, улмаар ШУТИС-д 32 дахь жилдээ багшилж байна.

Сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  • 1984-1986 оны хичээлийн жилүүдэд “Дулааны процессийн автоматжуулалт” лаборатори байгуулахад идэвх санаачилга гарган, лабораторийн стендүүдийг  шинээр ашиглахад гар бие оролцон ажилласан.
  • Уг лабораторийг 1990 онд “Автомат удирдлагын онол” лаборатори болгон өргөжүүлж компьютерийн программаар ажиллах лабораторийн хичээлийг  явуулах боломжтой болгосон.
  • Эрдэм шинжилгээний хурлуудад 20 гаруй илтгэл хэлэлцүүлсэн ба  мэргэжлийн сурах бичиг-2, брошюр гарын авлага -12 хэвлүүлсэн байна.
  • “Хөргөлт ба кондиционерийн систем” шинэ мэргэжлийн хичээлийн хөтөлбөр, стандарт боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Эрчим хүчний салбарт шинээр нээгдсэн мэргэжилтэй холбоотой “Хөргөлт ба кондиционерийн лаборатори”-ийг байгуулахад оролцож шинэ стендүүдийн торируулга хийн удирдаж байна.
  • ШУТИС-ийн сургалтын бүх сургалтын байруудыг мэргэжлийн багш нарын хамт дулааны тоолуурын тооцоог гарган дулааны төлбөрийг тоолуураар хийх аргачлалд шилжүүлж 120 сая гаруй төгрөгийн хэмнэлт гаргаж ШУТИС-ийн Т байрыг барихад ихээхэн дэмжлэг үзүүлсэн.

Хүндэт профессор БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл

Б.Сарангэрэл 1958 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1983 оны ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ТИС-ийг “Барилгын инженер-эдийн засагч” мэргэжлээр төгссөн. ШУТИС-д 30 дахь жилдээ ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа:

  • Барилгын эдийн засаг, барилгын менежмент, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, маркетингийн үндэс зэрэг хичээлүүдийн хөтөлбөр, стандарт боловсруулж, арга зүйн үндсийг тавьсан.
  • Барилгын норм, дүрэм боловсруулсан ба багш нартай хамтарч “Эдийн засгийн онол” хичээлийн сурах бичиг 2 боть, гарын авлага 3-ыг бичиж хэвлүүлсэн.
  • Эрдэм шинжилгээ, сурталчилгааны 23 өгүүлэл бичиж хэвлүүлсэн.
  • “Барилгын салбарын үнэ бүрдэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх” чиглэлээр 7 магистр оюутны төгсөлтийн ажлыг амжилттай удирдаж хамгаалуулсан.