Олон Улсын Хот Хоорондын Математикийн хаврын 35-р уралдааныг амжилттай зохион байгууллаа

ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах Сургууль Олон Улсын Хот Хоорондын Математикийн хаврын 35-р Уралдааныг 2014 оны 03-р сарын 01,02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олон улсын хот хоорондын математикийн уралдаан анх 1979-1980 оны хичээлийн жилд хуучнаар ЗХУ-д  “3 хотын хоорондох уралдаан” нэртэйгээр зохиогджээ. Уралдаанд оролцогч хотуудын тоо дараагийн жилүүдээс эрс нэмэгдэж, уралдаан “Хот хоорондын уралдаан”  нэртэй болсон байна. Уралдааны үндсэн зорилго нь олон тооны ахлах ангийн сурагчдад олон улсын чанартай математикийн тэмцээнд шууд оролцож, чадлаа сорих боломжийг бүрдүүлэх мөн математик сонирхогч сурагч, багш нарт сонирхолтой уран гоё бодлогуудыг дэвшүүлэх явдал байдаг.

 

 

1984 оноос уралдаан албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, зохион байгуулах төв комисс нь ЗХУ-ын (эдүгэ ОХУ-ын ) Шинжлэх Ухааны Академийн дэргэд байгуулагдсан байна. ШУА-ийн оролцоогоор уралдаан олон улсын чанартай болсон ба анх уралдаанд зөвхөн славян хэлтэй орнуудын хотууд оролцдог байсан бол 1988 онд Австралын Канберра хот уг уралдаанд оролцсон нь анхны англи хэлтэй оролцогч хот болсон байна.

Хот хоорондын уралдаан  нь намар ба хаврын гэсэн 2 үе шаттай явагддаг. Оролцогч сурагчийн амжилтыг энэ 2 шатанд авсан аль өндөр оноогоор тооцно. Шат бүр нь бэлтгэл ба үндсэн гэсэн 2 даваатай явагддаг ба бэлтгэл давааны бодлогууд хөнгөн боловч харьцангуй бага оноотой, үндсэн давааны бодлогууд нь нилээд хүнд бөгөөд өндөр оноотой байдаг. Хэрэв сурагчийн оноо уралдааныг зохион байгуулах төв комиссоос тодорхойлсон босго оноог давсан бол ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дипломоор шагнагддаг байна. 

Хот хоорондын уралдаан  Улаанбаатар хотноо 1995 онд Монгол Улсын  Ардын Багш, Академич,ШУ-ны доктор,профессор  А.Мекейн санаачлагаар зохиогдож эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд уг уралдаан нь манай математик сонирхогч багш,сурагчдын дунд ихээхэн нэр хүндтэй томоохон уралдаан болоод байна.

Улаанбаатар хотоос уг уралдааны оноогоороо шалгарсан сурагчид ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дипломоор шагнагдаж Европын улсуудад болдог “Математикийн зуны сургалт”-д  амжилттай оролцож байсан ба Улаанбаатар хот оролцогч олон улсын хотуудаас 14-р байрт шалгарч байсан билээ.

 

 

 

11-12-р ангийн нийт 33 сурагч оролцсоноос 1-р байр алтан медалийг Орчлон сургуулийн сурагч О.Бодрол 48.75, 2-р байр мөнгөн медалийг Орчлон сургуулийн сурагч З.Батзориг 32.5, 1-р сургуулийн сурагч А.Ананд 27.5, 3-р байр хүрэл медалийг Орчлон сургуулийн Ш.Золбаяр 27.0, Орчлон сургуулийн сурагч М.Ананд 27, 1-р сургуулийн сурагч Э.Бат-эрдэнэ 26.25 оноогоор тус тус эзэллээ. Мөн Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч Г.Баяржаргал 25, 11-р сургуулийн 11-р ангийн сурагч Эрдэнэбаяр 21.25, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Тамир 21, Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч А.Сумьяабат 21 оноо авч шагналт байранд шалгарсан байна.

 

Энэ удаагийн ОУХХО-ын дүнгийн хурал 2014-03-19-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулагдсан. Тус хуралд ШУТИС-ийн Оюутны үйлчилгээ, олон нийттэй харилцах Проректор Т.Намнан, Бизнес инновацийн газрын дарга Ц.Хашбаяр нар оролцож олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн амжилттай оролцсон нийт сурагчдад баяр хүргэж амжилт хүслээ. 6-10-р ангийн нийт 148 сурагч оролцсоноос 1-р байр алтан медалийг 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Төрхүү 43.9 оноогоор, 2-р байр мөнгөн медалийг 1-р сургуулийн 8-р ангийн сурагч Б.Төрбат 43.5, Олонлог сургуулийн 8-р ангийн сурагч М.Лханаажав 39 оноогоор, 3-р байр хүрэл медалийг Сант сургуулийн 9-р ангийн сурагч Л.Оюунтөгс 38.6, 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Алтангэрэл 36, 1-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Батмэнд 34 оноогоор тус тус эзэлж 1-р сургуулийн 10-р ангийн сурагч С.Цэнд-Аюуш 30, Соёмбо сургуулийн 5-р ангийн сурагч О.Мишээл 30, 11-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Оргил 27.9, 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Баярбат 27.9 оноогоор шагналт байранд шалгарлаа.

Энэхүү олон улсын нэр хүндтэй олимпиадыг зохион байгуулахад дэмжин, туслаж ажилласан ШУТИС-ийн Математикийн сургуулийн багш, оюутнуудад талархсанаа илэрхийлье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.