Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр ШУТИС-д лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ШУТИС-д зочилж “Хөгжлийн асуудлаар...” сэдэвт лекц уншлаа. Түүнийг БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат угтан авч ШУТИС-ийн төв номын сангийн Геологийн музейг сонирхов. Түүнчлэн Боловсрол шинжлэх ухааны яамны дээд боловсролыг хөгжүүлэх төслийн хүрээнд хийж буй ШУТИС-ийн “Cloud university” програмын төвөөр зочиллоо. “Cloud university” програмын талаар Е-нээлттэй сургуулийн захирал Я.Наранцэцэг танилцуулав.

 

          ШУТИС-д удахгүй “Cloud” их сургууль нээгдэхэд бэлэн болжээ. Оюутнуудын элсэлт, хичээл сонголт, хичээлийн хуваарь, сургалтын төлбөр, тооцоо, төгсөгчдийн дипломын хуулбар зэргийг онлайнаар хэрэглэгчдэд нь дамжуулах юм байна. Мөн тэргүүн проректор Д.Батчулуун “Шилэн түрийвч” програмын талаар мэдээлэл өгөв. Санхүүгийн чиглэлийн ажил, үйлчилгээ, ажилтнуудын хариуцлагад хяналт тавих зориулалтаар уг програмыг хэрэглэх юм байна. Мөнгөн гүйлгээ, ажилтнуудын цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, эд хогшлын бүртгэл зэргийг түүгээр хянах ажээ. Энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Очирбат МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ШУТИС-ийн багш нарын номын дээжээс бэлэглэв.

 

Ийнхүү МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  "Урлаг" зааланд цугларсан их дээд, сургуулийн 360 гаруй эрдэмтэн, багш нарт “Хөгжлийн асуудлаар...” сэдэвт лекц уншлаа.

Монголын залууст боломж байна

Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна. Ийм боломж Монголд бий юу гэвэл хангалттай байгаа.

Өнгөрсөн жил Массачусетсын их сургуулиас (MIT) нэг уралдаан зарласан байсан. Цахим хөтөлбөр хэрэгжүүлээд түүгээрээ шалгалт авахад дэлхийн бараг бүх орноос 160 мянга гаруй оюутан оролцжээ. Монголоос “Сант” сургуулийн сурагч М.Баттүшиг гэж хүүхэд түүнд шалгарсан байна лээ. Массачусетсын их сургууль бол дэлхийн технологийн сургуулиудыг тэргүүлдэг. Тэгэхээр тэр сургуулийн хөтөлбөрөөр даалгавар биелүүлээд түрүүлнэ гэдэг үнэхээр амаргүй. Баттүшиг 100 оноо авахаас 100 оноо авсан байна. 160 мянган хүүхэд өрсөлдсөн учраас нэлээд хэдэн хүүхэд 100 оноо авчээ. Гэтэл Монголын Баттүшиг түрүүлсэн.

 

Яагаад гэхээр тэр хамгийн залуу нь буюу 15 настай байсан. Ингээд Массачусетсийн их сургуульд элсэн орсон байна. Энэ бол үнэхээр гайхамшиг. Энэ бол монгол хүүхдэд, монгол оюутанд, монголын залууст ийм боломж байна гэдгийг харууллаа...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” сэдэвт лекц бүрэн эхээр

 

Дээрх видео нь 3D технологиор хийгдсэн болно. Хэрвээ та 3D-ээр үзэхийг хүсвэл улаан, цэнхэр өнгө бүхий шилээр үзнэ үү.




ТГ