Азийн их дээд сургуулиуд дахь профессорын багийн семинар

ШУТИС мэргэжлийн профессорын багийн системээр ажиллаад 12 жил өнгөрчээ. Одоогоор нийт 96 баг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “ШУТИС хөгжлийн замын зураглал 2021”-ийг хэрэгжүүлэх үе шатуудад бид судалгаанд суурилсан их сургууль, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн антрепренёр их сургууль болохоор томъёолсон билээ.

Нөгөө талаар 2013 онд зохион байгуулагдсан их дээд сургуулиудын төгсөлтийн дараахь сургуулийг боловсронгуй болгох хэлэлцүүлэг, мөн өнгөрсөн долоо хоногт болсон үндэсний чуулган дээр яригдсан санал зөвлөмжүүдэд “тенүри систем”(tenure system)-д шилжих тухай саналыг олон эрдэмтэд дэмжиж байсан.

Дэлхийн их дээд сургуулиудын профессорын багийн үйл ажиллагаанд долоо хоног тутмын багийн семинар, багууд хоорондын нээлттэй семинар(interdisciplinary), ЭШ-ний өгүүлэл-уншлага (paper reading) гэх мэт олон арга барилууд үр дүнтэй хэрэглэгдсээр байна.

Судалгааны чанарыг олон улсын чанарын түвшинд хүргэхэд профессорын багийн үйл ажиллагааны хэлбэрийг тодорхойлж, арга барилыг эрчимжүүлэх үүднээс ШУТИС-ээс болон ШУА-аас Азийн тэргүүлэгч их сургуулиудад судалгаа хийж буй эрдэмтэд судлаач нартаа хүсэлт тавин тэнд профессорын багууд хэрхэн семинар явуулдаг талаар мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.

Зөвхөн семинараас гадна тухайн сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд мэргэжлийн чиглэлүүд хэрхэн багцлагддаг, зэрэглэл дээшлих тусам багцууд задардаг талаар мэдээлэл оруулж өгсөн нь сургалт судалгааны чанарын шинэчлэл хийхэд бидэнд сургамжтай мэдээлэл болжээ.

Энэ санаачлагыг дэмжин, цаг заваа зориулсан Осака Их Сургуулийн судлаач Л.Чулуунцэцэг(ШУТИС-МИС), Кёнхи Их Сургуулийн докторант Д.Батсайхан (ШУТИС-МС), Токио Технологийн Их Сургуулийн докторант Т.Аззаяа (ШУА) нарт ШУТИС-ын нийт эрдэмтэн судлаач, оюутнуудын өмнөөс гүн талархал илэрхийлье.

     

Мэдээллүүдийг pdf file хэлбэрээр нь татаж уншина уу файл-1файл-2файл-3

ШУТИС, ЭШГ