ШУТИС-ийн хүндэт профессор, боловсролын доктор Авирмидийн Дамдинсүрэн 2013 оны өсдүгээр сарын нэгний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз хохирол учирлаа.
Талийгаач туршлагатай инженер, багш, сурган хүмүүжүүлэгч төдийгүй боловсролын доктор, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой нэрт эрдэмтэн байлаа.
А.Дамдинсүрэн нь 1945 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хайрхан шивэр гэдэг газар төрсөн. Баяндун сумын бага сургууль (1954-1958), Баян-Уул сумын дунд сургууль (1958-1964) төгсөн, ЗХУ-ын Москвагийн Геодези, Агаарын гэрэл зураглал ба Зураг зүйн Дээд Сургуульд 1964-1969 онуудад суралцаж геодезийн инженер мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ улсад 44 жил тасралтгүй ажилласан билээ.
1969 оноос Улсын барилгын зургийн төв институтийн Инженер хайгуулын товчоонд геодезийн техникч, 1970 оноос норм үнэлгээний ахлах инженер, 1970 онд Улсын геодези, зураг зүйн газар анхлан байгуулагдахад геодезийн ахлах инженер, инженер эдийн засагчаар ажилласан.
1974 оноос МУИС-ийн Геологи Уул Уурхайн факультетэд геодезийн мэргэжлийн багшаар, Политехникийн Дээд Сургуульд Геологи, уул уурхайн факультетийн Уул уурхайн тэнхимд багшаар ажиллласан. 1980 онд Геодезийн тэнхим байгуулагдахад тэнхимийн эрхлэгчээр, 1989-1992 онуудад Геологи, уул уурхайн факультетийн декан, 1992 оноос хойш ШУТИС-ийн УУИС-д Геодези-маркшейдерийн багийн профессор, салбарын эрхлэгч, багшаар ажиллаж байв.
1996 онд дэд профессор, 2004 онд ШУТИС-ийн хүндэт профессор цол тус тус хүртэж, 2000 онд боловсролын докторын зэрэг хамгаалсан. Мөн 1999 онд Монгол Улсын Геодези, зураг зүйн зөвлөх зэрэг авсан.
Боловсролын салбарт 40 гаруй жил багшлах хугацаандаа мэргэжлийн 4 анги (геодези, сансрын геодези-астрономи, эдэлбэр газрын кадастр-газар зохион байгуулалт, уул уурхайн маркшейдер) шинээр нээж, Геодезийн мэргэжлийн анги болон геологи, уул уурхай, барилга, авто зам зэрэг салбарт нийтдээ 10 000 гаруй оюутанд хичээл зааж, оюутны судалгаа, шинжилгээний ажлыг удирдан дадлагажуулж, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалуулсан.
Мэргэжлийн 10 сурах бичиг, 21 гарын авлага, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, 1 тайлбар толь, 4 толь бичиг эмхэтгэн гаргаж хэвлүүлэн нийтийн хүртээл болгожээ. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бичиг” цуврал 3 боть номыг 1983, 1986, 1988 онд хэвлэгдэн гаргахад мэргэжлийн хувь нэмэрээ оруулсан. “Геодезийн нэр томъёоны тайлбар толь”, “Геодезийн Орос-Монгол толь бичиг”, “Геодезийн Монгол-Орос толь бичиг” болон “Геодезийн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” номыг туурвисан байна.
Монгол Улсын геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх, геодези, уул уурхайн мэргэжлийн инженер, боловсон хүчин бэлтгэхэд оруулсан түүний нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийг Монголын Улсын төр засаг өндрөөр үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан (1994), Тэргүүний уурхайчин (1997) цол тэмдэг, Газрын харилцааны тэргүүний ажилтан хүндэт тэмдэг (2007), Ардын Хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль (2001), Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль (2002), Хөдөлмөрийн хүндэт медаль (2004), Алтан гадас одон (2009), Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдэг (2010), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (2012), Боловсрол-90 медаль (2011), Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг (2012)-ээр тус тус шагнажээ.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр хамт олон, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан байх болтугай
ШУТИС Уул уурхайн инженерийн сургууль
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа