Д.Ганхуяг сайд “Хүндэт доктор” цол хүртэв

Уул уурхайн сайд Д.Ганхуягт Японы нэр хүндтэй Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээв. Энэхүү шагналыг гардуулахаар Киотогийн технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Фүрүяма Масао шагнал гардуулах үеэр “Киотогийн технологийн дээд сургуулийн хүндэт доктор цолыг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил болоод хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд өгдөг юм. Д.Ганхуяг сайдын хувьд шинжлэх ухааны боловсрол төдийгүй, улс төр бизнесийн салбарт өндөр амжилт гаргасан, Японд анхлан боловсрол эзэмшсэн цөөхөн Монгол оюутнуудын нэг. Цаашид ч Монгол Япон хоёр орны найрамдалт харилцааны  гүүр болон ажиллана гэдэгт итгэж байна” гэдгийг онцолжээ.

Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг өмнө нь Сэн Гэншицү /Үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгожээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ийм нэр хүндтэй шагнал хүртсэн дөрөв дэх хүн нь болж байгаа аж.

 

Тэрбээр 1989 онд Киотогийн Технологийн дээд сургуулийг Политехник факультетийн Будгын химийн ангийг инженер-хими технологич мэргэжлээр сурч дүүргэжээ.
Д.Ганхуяг  шагнал  гардан авах үедээ Киотогийн Технологийн дээд сургуульд сурч байсан дурсамжаасаа ийн хуваалцлаа.  “Биднийг оюутан байхад Киотогийн Технологийн дээд Сургуулийн ректор Фүкүй Кэн-ичи гэдэг химийн шинжлэх ухааны Нобелийн шагналтан, химич хүн байлаа. Энэ алдартай хүний сургаалийг сонсож, энэ хунээс дипломоо гардан авч байсан маань тодхон санагдаж байна. Энэ сургуульд сурч  мэдсэн эрдэм мэдлээг минь  эх орныхоо ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Говь” компанид ажиллахад ихээхэн чухал байсан бөгөөд үүний ачаар тухайн үед Япон улсын тусламжаар Монгол Улсад баригдсан цорын ганц үйлдвэр болох “Говь” компанийг бид бүхэн хөл дээр нь босголцож, авч явж чадсан юм. Тухайн үед Японы их, дээд сургуульд Монгол Улсаас жилдээ ердөө хоёрхон оюутан явж суралцдаг байсан бол өнөөдөр хэдэн арав, зуугаараа суралцдаг болсон байна. Дэлхийд техник, технологийн хөгжлөөрөө тэргүүлдэг Япон оронд манай мянга мянган оюутан залуус эрдэм боловсрол эзэмшиж байгаад хувиасаа баяртай байдаг” гэлээ.

 

Энэхүү арга хэмжээний үеэр олон хүн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэдний нэг нь Киотогийн Технологийн дээд сургуулийн проректорын туслах Ёший Цутому байлаа. Тэрээр “Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийг тодхон санаж байна. Тэр дундаа 24 жилийн өмнө манай сургуулийг амжилттай сурч төгссөн Д.Ганхуягийн талаар дурсамж маань өчигдөрхөн болсон мэт сэтгэлд үлджээ. Би урьд  нь Д.Ганхуяг шиг ийм хичээнгүй сурагч харж байгаагүй. Шалгалт дөхөхөөр хүүхдүүд “Д.Ганхуягаа лекцийнхээ дэвтрээ өгөөч” гээд гуйдаг байсан. Бид Д.Ганхуягийг цааш  үргэлжлүүлэн суралцаж, сургуульдаа багшаар үлдээсэй гэж хүсч байлаа. Гэхдээ тэрээр Япон улсад сурсан зүйлээ эх орондоо зориулахаар явсан. Одоо ч эх орондоо ихийг бүтээж яваа нь харагдаж байна” гэв.

Киотогийн Технологийн Дээд Сургууль нь анх Киотогын торгоны хүр хорхойн мяндас боловсруулах төв нэртэйгээр байгуулагдаж, 1949 онд Киотогийн Гар урлал Нэхмэлийн Дээд Сургууль, 1951 онд Киотогийн Технологийн Дээд Сургууль болон өргөжсөн байна. Өдгөө энэ сургууль 291 профессор багш, 123 захиргааны албан хаагч, 4000 гаруй оюутантай.  Монголоос тус сургуулийн бакалаврыг 5 оюутан, докторантурыг 3 оюутан тус тус төгсчээ. Одоо тус сургуульд нэг монгол оюутан суралцаж байна.


НТА