ШУТИС-ийн “Must-Core” баг монгол улсаа төлөөлөн олон улсын бизнес симуляцийн тэмцээнд оролцох эрх авлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургуулийн нэрэмжит “The CEO Challenge” бизнес симуляцийн олимпиадад ШУТИС-ийн Менежментийн сургуулийн “MUST-CORE” баг шалгарч, Монгол Улсаа төлөөлөн дэлхийн бүс нутгуудаас шалгарсан шилдэг багуудтай өрсөлдөх эрх авлаа.

Тус олимпиадад их, дээд сургуулийн оюутнуудын найман баг, найман чиглүүлэгч багш оролцож, таван өдрийн турш бизнесийн удирдлага, стратегийн төлөвлөлт, шийдвэр гаргалтын мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн юм.

Олимпиадын хүрээнд оролцогч багууд АНУ, Европ, Азийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй гар утасны технологийн компанийг симуляцийн орчинд есөн жилийн хугацаанд удирдаж, бизнесийн иж бүрэн шийдвэр гаргах, стратегийн оновчтой хувилбар боловсруулах, зах зээл болон өрсөлдөгчдөө судлах, үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийх зэргээр мэдлэг, ур чадвараа сорилоо.

 

 

  

Энэхүү олимпиад нь оюутнуудад бизнесийн үйл ажиллагааг цогцоор нь харах, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөлд оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах, үндэстэн дамнасан корпорацыг удирдах ур чадвар эзэмших боломжийг олгодгоороо онцлог юм.

Олимпиадын төгсгөлд Финлянд Улсын CESIM компанийн гүйцэтгэх захирал Вейжо Кёсти (Veijo Kyosti) цахимаар холбогдон нийт оролцогчдод баяр хүргэж, 2027 оны тавдугаар сард зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцох эрх авсан багт амжилт хүслээ.

Өмнөх буюу 2025 оны олимпиадад Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Мазаалай” баг шалгарч, Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж байсан юм.

Энэ удаагийн олимпиадад амжилттай оролцож, олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авсан ШУТИС-ийн Менежментийн сургуулийн “MUST-CORE” багийн гишүүд, чиглүүлэгч багшид баяр хүргэж, Монгол Улс, ШУТИС-ийг төлөөлөн оролцох тэмцээнд нь өндөр амжилт хүсье!