Барилгын материалын судалгаа, шинжилгээ, туршилт хийх лаборатори нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ хооронд байгуулсан МОН-Р11 тоот зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

“Инженер, технологийн дээд боловсрол ” төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд “Дулааны цахилгаан станцын үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх ногоон ирээдүй” сэдэвт дэд төслийг Доктор Д.Сүнжидмаа ахлагчтай хамтарсан судалгааны баг, Япон Улсын Тохоку их сургуультай хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Барилга, архитектурын сургуульд 2015 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Дээрх төслийн үйл ажиллагааны хүрээнд “Барилгын материалын судалгаа, шинжилгээ, туршилт хийх итгэмжлэгдсэн лаборатори” 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нээлтээ хийлээ.

Тус лабораторид 12 нэр төрлийн багаж төхөөрөмжийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн суурилуулж бэлтгэл ажлыг хангажээ. Энэхүү итгэмжлэгдсэн лаборатори нь барилгын материалын бүтээгдэхүүний орц найрлагыг судалж, судалгаа, шинжилгээний дүгнэлтийг нарийвчлан гаргадаг 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүд юм.

 

Манай улсад энэ төрлийн туршилт, судалгааны лабораторид суурилуулагдсан тоног төхөөрөмжүүд нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд энэхүү лаборатори нээгдсэнээр барилгын материалын орц, найрлагыг судалж өндөр хөгжилтэй оронд хийгддэг нарийн судалгаа, шинжилгээг эх орондоо хийж үйлдвэрлэлд ашиглах боломжтой болж байна.

 

Энэхүү лаборатори нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 5-р байрны 122,123 тоот танхимд тогтмол үйл ажиллагаа  явуулна. Лабораторийн нээлтэд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга, Төслийн захирал Т.Амаржаргалан, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа болон Барилга хот байгуулалтын яам, Японы элчин сайдын яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /Жайка/-ын төлөөлөгчид, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ШУТИС-Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай болон бусад профессор, багш судлаач нар оролцлоо.