ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний хурлын тэмдэглэлээс


5-р сар. 28, 2019, 5:30 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

   2019 оны 5 дугаар сарын 21                                     Дугаар: 11                                          Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1935 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ, оюутны байрын төлбөр

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ХХТГ-ын дарга Ж.Арслан

2. ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журамд өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

3. “Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, хяналтын журам”-ын төсөл

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

4. “ШУТИС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын төсөл

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

Бусад асуудал,

  • 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн арга хэмжээ

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ОСҮА-ны дарга Н.Сансарбаатар

  • ШУТИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл, сурах бичгийн уралдаан шалгаруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ, оюутны байрын төлбөр нэмэгдүүлэх саналыг дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэг авсан хувилбаруудыг боловсронгуй болгон, үндэслэлийг оновчтой, бодитой тодорхойлж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбатад үүрэг болгов. 

2. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн, өнөөдрийн хурлаар дэмжигдсэн заалтуудад өөрчлөлт оруулан, редакцийн найруулга хийн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

      Орон нутаг очиж хичээл заадаг багш нарын цагийн тооцоог бодох бодитой аргачлал, санал боловсруулан журмын өөрчлөлтөд оруулах талаар Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалтай зөвшилцөж ажиллахыг Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, дэд захирал М.Банзрагч нарт үүрэг болгов. 

3. “ШУТИС-ийн баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, хяналтын журам”-ын төсөл, “ШУТИС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын төслийг дэмжин, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов. Журмын төслүүдийг редакцийн найруулга хийн, захирлын тушаалаар батлуулж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

4. ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн ёслолын арга хэмжээг Буянт-Ухаа спортын ордонд нэгдсэн байдлаар зохион байгуулахыг дэмжин, холбогдох зардлыг бүрэлдэхүүн сургуулиуд хувааж гаргахаар тогтов. Төгсөлтийн ёслолын арга хэмжээг хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

5. Ази номхон далайн бүсийн орнуудын их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдах “ABU Робокон 2019-Улаанбаатар” олон улсын тэмцээнд оролцох багуудын робот зохион бүтээх зардалд Мэдээлэл, холбооны технологийн сургууль 3 сая төгрөг, бусад бүрэлдэхүүн сургуулиуд, ШУТИС-Коосэн Технологийн коллеж, ШУТИС-ийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургууль тус бүр 1,5 сая төгрөг, Эрдэм шинжилгээний нэгдсэн зардлаас 10 сая төгрөг гаргаж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дансанд төвлөрүүлэхээр тогтов.

6. Механик техникийн сургуулиас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн эргэн төлөгдөх нөхцөлтэй, санхүүжилт олгохыг дэмжив.

7. Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн, үер усны хамгаалалт, төмөр бетон хашаа барихад шаардагдах 7,194,030 төгрөгийн санхүүжилтийг ШУТИС-ийн эрсдэлийн сангаас гаргахаар тогтов.

8. ШУТИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага, орчуулгын бүтээлийн уралдаан шалгаруулахыг дэмжин, уралдааны удирдамжийг нарийвчлан боловсруулан, захирлын тушаал гаргуулж ажиллахыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар тус тус үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР