link

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн ”Хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй өдрүүд" арга хэмжээг зохион байгууллаа
2020-10-23 23:27 ЗАА

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь Европын Холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM C2)” төслийн “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба загварын арга хэмжээ” дэд төслийг хэрэгжүүлж байна.

 

Энэхүү дэд төслийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг олон нийтэд сурталчлах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Хөнгөн үйлдвэрийн салбарын өдрүүд” нээлттэй өдөрлөгийг "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн 2020" үзэсгэлэн-худалдааны үеэр Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд 2020.10.16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн эхний өдөр ЮНИДО-гийн цахим сургалтын танилцуулга, Монгол-Солонгосын Политехник коллежийн сурталчилгаа болон Сити их сургуулийн оюутнуудын загварын шоугаар эхэлсэн.

 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Батбаяр сургуулийнхаа болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүдийг танилцуулсан.  Мөн ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежууд хөнгөн үйлдвэрийн салбарт бэлтгэдэг мэргэжлийн ангиудаа олон нийт болон үйлдвэрлэгчдэд сурталчиллаа.

 

Өдөрлөг Тогтвортой ноос ноолуурын эвслийн Монгол дахь төслийн багийн танилцуулгаар үргэлжилж, арьс шир, савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийгөө сурталчилж, бүтээгдэхүүнээрээ загварын шоу хийснээр уг арга хэмжээ өндөрлөлөө. “Хөнгөн үйлдвэрийн салбарын өдрүүд” нээлттэй өдөрлөг нь олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлсэн, үр өгөөжтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

Affiliated schools