link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний хурлын тэмдэглэлээс
2020-04-18 01:49 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 03 дугаар сарын 24                             Дугаар: 05                             Улаанбаатар хот 

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1013 цагт эхэлж 1305 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 30 хүртэл цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулахаар тогтов. 

2. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын кредит баталгаажуулах, төгсөх оюутны дипломын сэдэв, удирдагч, зөвлөхийг батлах тушаалыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулахаар тогтов. 

3. COVID-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан “Цахим сургалтын үйл ажиллагаа зохицуулах түр журам”-ын төслийг дэмжиж, зохих өөрчлөлт найруулга хийн батлуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов. 

4. “Цахим сургалтын үйл ажиллагаа зохицуулах түр журам”-ыг 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд танхимын сургалт эхлэх хүртэл хугацаанд мөрдөхөөр тогтож, журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, журмын хэрэгжилтэд хяналт тавих, багш, оюутнуудад мэдээ мэдээллийг цаг тухай бүр нь хурдан шуурхай хүргэж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад хариуцуулав. 

5. 2019/2020 оны хичээлийн жилийн профессор, багш нарын ажлын гүйцэтгэл эрдэм шинжилгээ, инновацийн Б цагийн ноогдлыг 50 хувиар бууруулж, ноогдлоос давуулсан илүү цагийн гүйцэтгэлийг олгохгүй, сургууль, олон нийтийн үйлчилгээний В цагийн ноогдлыг ажлын гүйцэтгэлээс үл хамааран бүрэн тооцохоор тогтов. 

6. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд хичээл сонголт хийсэн оюутнуудын болон төгсөх оюутны бүртгэл, судалгааг нарийвчлан гаргаж, хаврын улирлын кредит баталгаажуулах, төгсөх оюутнуудын дипломын сэдэв, удирдагч, зөвлөх багшийг томилж тушаалаар баталгаажуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж нарт тус тус үүрэг болгов. 

7. Төгсөх оюутнуудтай холбогдон гарч буй хүндрэлүүдийг шийдэх, төгсөх оюутнуудад дипломын ажил, төсөл бичих, эсвэл улсын шалгалтаар төгсөх сонголт хийх боломжоор хангах, зайлшгүй лабораторийн туршилт, судалгааны үр дүнг оруулж дуусгах төгсөлтийн ажлуудад (ялангуяа ахисан түвшний сургалтад) өндөржүүлсэн бэлэн байдлын үед баримтлах зохицуулалтуудыг зөрчихгүйгээр туршилт явуулах боломж олгох ажлыг зохион байгуулахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад хариуцуулав. 

8. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд хичээл сонголт хийсэн боловч цахим сургалтад хамрагдахгүй боломжгүй /тухайн орон нутагт нь гэрэл цахилгаан байхгүй, интернэтийн сүлжээгүй/ хөдөө, орон нутагт байгаа оюутнуудтай энэ долоо хоногт холбогдож, ШУТИС-ийн хэмжээнд хэдэн оюутан байгаа судалгаа гаргах, эдгээр оюутнуудад сургалт хэрхэн зохион байгуулах талаар санал боловсруулж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж нарт үүрэг болгов

9. Профессор багш, оюутнуудын гар утасны мэдээллийг unimis системд бүрэн шинэчилж оруулахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нарт үүрэг болгов. 

10. COVID-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд орон даяар ариутгалын ажил хийхтэй холбогдуулан ШУТИС-ийн хичээлийн болон оюутны байр болон тэдгээрийн орчинд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Байр ашиглалтын нэгдсэн албанд үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

 

LAST
MORE ...

Affiliated schools