link

ШУТИС-ийн 77 дахь удаагийн төгсөлт болж байна
2017-01-20 02:30 Админ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2016/17 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 77, магистрын 39 дэх удаагийн төгсөлт 2017 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр доктор 9, магистрын 348, бакалаврын 154 мэргэжлээр 1177 үүнээс онцлох дипломтой 25, дипломын зэрэгтэй 59 оюутан төгсөн гарч байна.  

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, Д.Батчулуун, П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж Ректор Б.Очирбат, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз нар төгсөгч оюутнуудад хандан үг хэллээ. Мөн Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн багш төгсөгч оюутнуудад сургааль үгээ хайрлав.

Төгсөгчдөд доктор, магистрын диплом олгох Ректорын тушаалыг Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал, бакалаврын диплом олгох Ректорын тушаалыг Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг уншиж танилцуулав. Мөн шилдэг төгсөгч нарт өргөмжлөл гардуулан доктор, магистр, бакалаврын онцлох дипломтой төгсөгчдөд дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн шилдэг төгсөгч О.Тэмүүлэн эрдэмтэн багш, профессоруудад хандан баяр, талархлын үгээ хэллээ.

Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Affiliated schools