link

Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-05-22 12:15 ЗАА

2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль Хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Монгол Улсын хил хамгаалалт, хилийн аюулгүй байдлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шинэ шатанд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

Санамж бичигт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд хил хамгаалалт, хилийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, программ хангамж, техник технологи зохион бүтээх, инновац нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох мэдээллийн системийг хамтран хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн ШУТИС болон Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал, семинар, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна “Инновац, судалгааны лаборатори төв” байгуулахад хамтран ажиллаж, оюуны өмчийн хамтарсан бүтээл гарган эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Мөн хилчин инженерүүдийн мэргэжлийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хил хамгаалалтад шаардлагатай мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад дэмжлэг үзүүлэх, ШУТИС-ийн сургалт, судалгааны лабораторид хамтарсан туршилт, судалгаа хийхээр болсон юм.

 

Оюутан, суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор улсын хилийн түүхэн газар орнуудаар багш, ажилтан, оюутнуудыг танилцахаар төлөвлөж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хил хамгаалалтын салбарт нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, инженер технологийн мэдлэгт суурилсан хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Affiliated schools