link

“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
2026-04-22 14:07 ЗАА

ШУТИС-ийн Менежментийн сургууль, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, МҮХАҮТ, ЖДҮ-ийн газар, Интерактив ХХК, Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-тай хамтран зохион байгуулсан “Бизнесийн технологи-2026” ЭШХ ба хэлэлцүүлэг 2026 оны 4 сарын 17-ны өдөр ШУТИС-ийн YIII байрны ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Дэвшилтэт техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; салбар хоорондын болон төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ санаачилга, шийдлүүдээр өргөжүүлэхэд хурлын зорилго оршиж байв.

Энэ удаа эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулахын зэрэгцээ хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын шийдэл санаачилгуудыг нийтэд хүргэж, практик хэрэгжилтийн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааны боломжийг нээх, оролцогчдод олон салбарын мэргэжилтнүүдийн ялгаатай үзэл бодол өнцгийг нэгэн зэрэг сонсох боломжийг олгох панел хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж өрнүүлснээрээ онцлог болсон юм.

Хурлыг нээж ШУТИС-ийн ЭШТХА-ны дарга, доктор Ц.Цоггэрэл, МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар нээж үг хэлэв.

Тус хуралд нийт 18 байгууллагын 60 гаруй бизнес эрхлэгчид, судлаачид оролцож 8 илтгэл танилцуулж панел хэлэлцүүлэг зохион байгуулан бизнесийн практикт хиймэл оюун, дижитал технологи нэвтрүүлж буй туршлагаа хуваалцан, боломж ба тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.

     

  1. ЖДҮ дижитал шилжилтийн экосистем Б.Ууганбаяр (Интерактив ХХК, Ерөнхий захирал)
  2. Хөдөлгөөнт холбооны 5-р үеийн сүлжээнд актив дэд бүтэц хамтран ашиглах технологийн шийдэл, зохицуулалтын олон улсын чиг хандлага Г.Галбадрах (Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн)
  3. Smart Enterprise Application Suite Ч.Отгончулуун (Смарт Софтвэйр ХХК, Төсөл хариуцсан захирал)
  4. Хиймэл оюун жижиг дунд бизнесүүдийн хөгжлийн гарц болох нь Ж.Энхжин (Монголын экспортын кластерын сүлжээ ТББ, гүйцэтгэх захирал)
  5. Discovering Latent Ridership Structures in Urban Bus Networks доктор (Ph.D), дэд профессор Д.Золзаяа (ШУТИС, МХТС-ийн профессор), доктор (Ph.D), дэд профессор Ж.Алимаа (ШУТИС, МХТС-ийн дэд профессор)
  6. Технологийн хөрөнгө оруулалтын үр ашгийн үнэлгээ Ц.Насанжаргал (Мэдээллийн технологийн үндэсний парк, Хөрөнгө оруулалт төслийн хэлтсийн мэргэжилтэн)
  7. Тоон дэд станцын олон улсын ашиглалтын стандартуудыг Монгол улсад нэвтрүүлэх, нутагшуулах асуудалд Т.Булгантамир (Оюу толгой, Эрчим хүчний хэлтэс), доктор (Ph.D), дэд профессор Б.Загдхорол (ШУТИС, ЭХИС-ийн профессор)
  8. Хөдөө аж ахуйн салбар дахь технологи шинэчлэлтийн тойм судалгаа Л.Амарсанаа (ХААИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн дэд профессор)

 

 

 

Панел хэлэлцүүлгийн үеэр бизнесийн байгууллагууд их сургуультай хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв. Үүнд:

  • Интерактив ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганбаяр бизнест суурь судалгаа хэрэгцээтэй, нөгөө талаас олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанууд тоосонд дарагдан үлдэж байдгийг дурдаад Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнтэй хамтран бизнесийн байгууллагуудад зориулсан бодит шийдэл боловсруулахад  хамтарч байгаа туршлагаа хуваалцаж ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран дижитал үйлчилгээ боловсруулах чиглэлд ажиллах боломжтойг;
  • Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Галбадрах нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар нь бизнесийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа манай улсын эдийн засгийн үйл ажиллагааны голлох чиглэл болсон уул уурхай, хөдөө аж ахуйн салбартай уялдаатай том салбар болох, бизнесийн байгууллагуудад дэд бүтэц хуваалцах, бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулахад их сургуультай хамтран ажиллах олон чиглэлд хэрэгцээ байгааг;
  • Монголын экспортын кластерын сүлжээ ТББ, гүйцэтгэх захирал Ж.Энхжин ЖДҮ бизнес эрхлэгчдэд хиймэл оюуны сургалтууд хийсэн туршлагаа дүгнээд Монголоос экспорт хийж байгаа ноос ноолуур зэрэг цөөн хэдэн салбарыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн хомсдолоо тодорхой хэмжээнд шийдэхэд хиймэл оюуныг хэрэглэх дижитал чадамжийг хөгжүүлэх шаардлагатайг, дижитал шилжилтийг дагуулах сэтгэлгээний өөрчлөлтийг дижитал ур чадвар олгохтой зэрэгцүүлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй болох, иймээс хиймэл оюуны сургалтуудаар анхан шатны мэдлэг олгохоос гадна тодорхой чиглэлийн ур чадвар олгох мэргэшүүлсэн сургалтуудаар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь үр дүнтэйг;
  • Т.Булгантамир Оюу толгой ХХК-ийн тоон дэд станцын олон улсын ашиглалтын стандартуудыг Монгол улсад нэвтрүүлэх, нутагшуулахад технологи, хүний нөөцийн чадавх сул байгаа сорилтын хамт стандартчилал тогтоож туршилт хийхэд их сургуулиудтай хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгцээтэй байгааг,
  • Смарт Софтвэйр ХХК, Төсөл хариуцсан захирал Ч.Отгончулуун оюутнуудыг ажиллангаа суралцах хөтөлбөрт хамруулах, дипломын судалгааны сэдвийг захиалан судалгааны хүрээнд хамтран ажиллах  сонирхолтойгоо;
  • Мэдээллийн технологийн үндэсний паркийн мэргэжилтэн Ц.Насанжаргал хөрөнгө оруулагчид эрсдэлээ хүлээдэг, бодит байдал дээр технологийн үнэлгээ бол илүү субьектив байх тал ажиглагддаг, ялангуяа оюуны өмчийн хөрөнгө дээр үнэлгээний асуудлыг их сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах шаардлага үүсэж байгааг;
  • Зангиа.мн -ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Б.Хосчимэг 16 жилийн компанийн хөгжлийн явцад их өгөгдөл цугларсан, шинжилгээнүүд хийгдэж эхэлсэн тиймээс цугларсан өгөгдөл дээр шинжилгээ хийхэд хамтрах боломжтой. Түүнчлэн их сургуулиудад сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад нөлөөлөх судалгааг гаргаж байгаа. Тухайлбал, орчин үед AI хэрэглээ өсөн нэмэгдэж зарим ажлын байрыг тодорхой хэмжээнд орлохуйц болж байгаа ч манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр ня-богийн ажлын байр бол топ эрэлттэй ажлын байр хэвээр байна, нийлүүлэлт талаас гадны ажиллах хүчин нэмэгдсэн байгааг онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид бизнесийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлуудаас онцгойлж дурдсан нь технологи хөгжүүлэлтэд зарцуулагдах оюуны хөдөлмөр бүрэн үнэлэгдэж чадахгүй, дутуу үнэлэгдэж байгаа, тухайлбал программ хангамжийн салбарт оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалт сул хэвээр, ижил төстэй гадаадын компаниудтай харьцуулахад үнэлгээ бага улмаар бизнес хөгжүүлэхэд хүндрэлтэй асуудал байлаа. Энэ асуудлыг шийдэж чадвал манай улсын технологийн компаниуд экспортын томоохон кластер бүрдүүлэх нөхцөл бүрдэхийг оролцогчид дурдав.

Оролцогч эрдэмтэн судлаачдын зүгээс бизнес ба төрийн байгууллагуудын туршлага санаачилгыг сонсох хэлбэрээр зохион байгуулагдсан хурлын энэ жилийн хэлэлцүүлэгт хэлбэрийг бизнесийн технологийн хөгжлийг эрчимжүүлэхүйц “нэгдэл-alliance” хэлбэрээр үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

            Зохион байгуулагч ШУТИС-ийн Менежментийн сургуулиас “Бизнесийн технологи-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг ивээн тэтгэсэн Интерактив ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж бизнесийн болон судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна!

ШУТИС, Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим

Affiliated schools