link

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн проректор Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-10-06 12:21 Батзориг

ШУТИС-ийн ректор профессор Т. Намнан БНХАУ-ын Цинхуа их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ректор Т. Намнан, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, ГХА-ны даргын үүрэг гүйцэтгэгч Г. Батзориг, ХХҮДС-ийн захирал Н. Ганзориг, МИТС-ийн захирал Н. Пүрэвдорж, МХТС-ийн захирал Л. Баяр-Эрдэнэ, ХШУС-ийн захирал Б. Тунгалагтамир, МС-ийн дэд захирал М. Банзрагч, ИБТА-ны дарга М. Зулбаяр, НБХ-ийн захирал Д. Ганбат нар, Цинхуа их сургуулийн талаас проректор Ян Бин, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын дарга Жан Синь болон Амьдралын шинжлэх ухааны сургуулийн профессор Ли Юү нар оролцов.

 

Уулзалтын эхэнд ректор Т. Намнан Цинхуа их сургуультай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хоёр тал энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар тохиролцов.

Тус их сургуультай эрдэс баялаг, инженерчлэл, шинэ эрчим хүч, хиймэл оюун, жолоочгүй тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон), технологи дамжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд механик, тээвэр логистик, материал судлалын хамтарсан лаборатори байгуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Мөн ахисан түвшний оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 

Цинхуа их сургууль 1911 онд байгуулагдсан Хятадын “C9 League” буюу дэлхийн түвшний судалгааны 9 шилдэг их сургуулийн нэг бөгөөд 2025 оны QS World University Rankings эрэмбээр 12-т, БНХАУ-д 1 дүгээрт эрэмбэлэгдсэн хамгийн нэр хүндтэй, дэлхийд танигдсан их сургуулиудын нэг юм. Тус их сургууль инженерчлэл, компьютерийн ухаан, цахилгаан холбоо, материал судлал, байгаль орчин, бизнес, эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, урлаг, архитектурын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.

 

Гадаад харилцааны алба

Affiliated schools