link

Гэмт хэрэг, зөрчлийн систем динамикийн судалгаа хийж байна
2020-02-12 10:48 Админ

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх гэмт хэрэг, зөрчлийн төлөв байдлын систем динамикийн судалгааг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулж байна.

 

Систем динамик гэж юу вэ?

“Систем динамик” нь нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлт, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлийг тооцох замаар ирээдүйн төлөв байдлыг загварчилж харуулдаг математикийн шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга юм.

Америкийн Нэгдсэн Улсын Масачусетийн Технологийн их сургуульд анх 1960 онд үүссэн “Систем динамик”-ийн загварчлал нь хүн ам, аж үйлдвэр, эдийн засаг, хот төлөвлөлт, хууль сахиулах, шүүх эрх мэдэл зэрэг нийгмийн бүхий л салбарт “Vensim DSSx32”, “AnyLogic”, “Power Sim”, “Stella” гэх мэт ухаалаг программуудыг ашиглаж байна.

Төслийн явц байдал

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх гэмт хэрэг, зөрчлийн төлөв байдлын систем динамикийн судалгааг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2019 оны 16 дугаар тушаалаар байгуулсан Цагдаагийн ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн систем судалгааны төв, Хууль сахиулахын их сургуулийн алба хаагч, мэргэжилтнээс бүрдсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Судалгааны баг Сонгинохайрхан дүүргийн нийт 43 хорооны хүн ам, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг хороо тус бүрийн онцлогийг тусгаж судлахын тулд тус дүүрэг дэх цагдаагийн газрын ажилтнуудтай мэдээ, мэдээлэл солилцон, статистик тоон мэдээллийг нягтлан загварчилж байна.

Сонгинохайрхан дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг  2009-2019 он буюу сүүлийн 10 жилийн байдлаар нэгтгэн судалгаанд ашиглах тоон мэдээлэл, үзүүлэлтийг “Vensim” программд загварчилж оруулаад байна. 

Энэхүү төслийн үр дүнг 2020 оны 4 дүгээр сард тайлагнах бөгөөд 2020-2024 онд нийслэл, улсын хэмжээнд шат дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Affiliated schools