link

Монгол Улсын гавьяат багш Д.Бадарчид Ардын багш цол, ШУТИС-ийн профессор Ж,Цэвэгмидэд Монгол Улсын гавьяат багш цол хүртээв
2021-11-24 21:13 ЗАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, профессор Д.Бадарчид Ардын багш цол, ГУУС-ийн ахмад багш, профессор Ж.Цэвэгмидэд Монгол Улсын гавьяат багш цол хүртэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ Ардын багш цол хүртэж байгаа Д.Бадарч Монгол Улсын дээд боловсролын салбарт 25 жил багшаас эхлэн ШУТИС-ийн ректор хүртэл ажиллахдаа тус сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, технологи, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад нээлттэй, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлан оролцож, улмаар Монгол Улсаас анх удаа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Монгол төдийгүй Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртэж байгаа Ж.Цэвэгмид уул уурхайн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд 49 жил үр бүтээл гаргаж ажилласан гэж онцолжээ.

Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Ж.Цэвэгмидийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хамт олон 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

Ж.Цэвэгмид 1967 онд нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургууль, 1972 онд (одоогийн нэрээр) ОХУ-ын Санкт-Петербүрг хотын Уул уурхайн техникийн Их сургуулийг Уурхайн цахилгаанжуулалт, автоматжуулалт мэргэжлээр төгсөж, 1972 оны 7-р сарын 17-ны өдрөөс МУИС-ийн дэргэдэх Политехникийн дээд сургуулийн Геологи, уул уурхайн факультетын Геологи-минералогийн тэнхимийн багшаар ажлын гараагаа анх эхэлжээ. Тэр үед Уул уурхайн тэнхим байгуулагдаагүй, уул уурхайн мэргэжлийн Б.Ишмэнд, Ц.Өлзий-Орших нарын хоёрхон багштай, уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлээр хоёрдох элсэлтээ авч байсан байна. МУИС-ийн ректорын 1972 оны 437 дугаар тушаалаар уул уурхайн мэргэжлийн хичээл сургалтын ажлыг хариуцах үүрэгтэй “Уул уурхайн тэнхим”-ийг 1972 оны 9-р сарын 10-ны өдөр байгуулж, шинэ тэнхимийг анх 7 хүний бүрэлдэхүүнтэй баталсны нэг нь ажилд ороод  2 сар болж байсан багш Ж.Цэвэгмид байжээ. 

Багш Ж.Цэвэгмид ажлын гараагаа эхэлсэн үеэсээ л уул уурхайн мэргэжлээр элсэн суралцаж байгаа оюутан залуусыг сургаж хүмүүжүүлэх, мэргэжлийн хичээлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, стандарт боловсруулах, хичээл заах, хичээлийн кабинет, лаборатори байгуулах, ном, сурах бичиг, гарын авлага бичих, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, оюутны дипломын төсөл, магистрантын төгсөлтийн ажил, докторантын эрдэм шинжилгээний ажил удирдах, тэмдэглэлт ойн болон 2 жил тутамд хийж байсан их, дээд сургуулиудын оюутны урлагийн уралдаант үзлэгийн концерт зохион байгуулах мөн түүнчлэн оюутны анги удирдсан багш, сургуулийн багш нарын зөвлөлийн дарга, оюутны төгсөлтийн шалгалтын комисс, магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, орлогч декан, тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор, захирлын зөвлөлийн гишүүн, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг олон төрлийн албан үүрэг гүйцэтгэж дээд боловсролын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний ажлын арвин баялаг туршлага хуримтлуулжээ.

Манай улсын уурхайнуудад уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлээс гадна уул уурхайн үйлдвэрийн цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн ашиглалтын ажил хариуцдаг мэргэжлийн инженерүүд чухал  шаардлагатай байсан тул тэр үед зөвхөн гадаадад бэлтгэж байсан мэргэжлүүдээр дотооддоо сургах ажлыг санаачилж хэрэгжүүлсэн хүний нэг нь Ж.Цэвэгмид багш юм. 1978 онд “Уул уурхайн цахилгаан механик” мэргэжлээр сургалт эхлүүлэхийн тулд манай улсын онцлогт, тухайлбал орон нутгийн жижиг уурхайнуудад цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн ашиглалтаар зогсохгүй зарим тохиолдолд уул-технологийн ажлыг ч хариуцах шаардлагад тохирох инженер сургаж бэлтгэхээр уг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинээр боловсруулах, сургалтын кабинет, лаборатори байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бүрдүүлэх ажлуудыг уул уурхайн тэнхимээс Ж.Цэвэгмид багшид хариуцуулж байжээ. Ийнхүү “Уул уурхайн цахилгаан механик” мэргэжлээр 1978 онд анхны өдрийн, 1979 онд анхны эчнээ сургалтаар элсэлт авч, 1983 онд анхны төгсөлт хийж, 1994 онд Уулын цахилгаан механикийн тэнхим анх байгуулагдаж байсан бол, эдүгээ “уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “уурхайн машин тоног төхөөрөмж” гэсэн 2 мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатны сургалт явуулдаг, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өргөн цар хүрээтэй ажил хийдэг, манай сургууль дотроо хамгийн олон эрдмийн зэрэгтэй багш нартай уул уурхайн цахилгаан механикийн салбарын үндэс суурийг Монгол Улсын гавьяат багш Ж.Цэвэгмид тавилцсан түүхтэй билээ.

Affiliated schools