link

ШУТИС, ГХС-ийн ХХШС-ын зөвлөх профессор, академич Л.Болд БНТУ-ын ШУА-ийн Хүндэт гишүүний батламжаа гардан авлаа
2021-09-09 23:48 Админ

ШУТИС, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын зөвлөх профессор, академич Л.Болд БНТУ-ын ШУА-ийн Хүндэт гишүүний батламжаа БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешаас гардан авлаа. БНТУ-ын ШУА 2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Академич Л.Болдын Монгол-Түрэг хэлний олон жилийн тууштай судалгааг өндрөөр үнэлж “Хүндэт гишүүн”-ээр сонгосон билээ.

Академич Л.Болд нь 1971 онд ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл тасралтгүй 50 жил ажиллаж, олон арван бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж судалгаа хийсний дотроос Орхон бичгийн дурсгал (I, II, III, IV, V, VI), БНМАУ-ын нутаг дахь хадны бичиг (1990), Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал (2000), Монгол, Түрэг хэлний тооны нэр (2005), Хэлний засаглалын учир (2017), Үсэг бичиг үг хэллэгийн судалгаа (2017), Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь (2018), Монгол бичгийн хосгүй хоёр дурсгал (2021) зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Түүнчлэн Алтай судлалын төвийн захирлаар ажиллаж, 1958 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж буй Алтай судлалын олон улсын хурлын, 2021 оны 8-р сарын 26-28-ны хооронд Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан 63 дахь удаагийн хурлыг удирдан ШУА-ийн ХЗХ, ШУТИС, ГХС-ийн  ХХШС-ын ахлах багш, доктор Ц.Мөнхдэлгэрийн хамт амжилттай зохион байгуулсан.

Академич Л.Болд ГХС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан, тус сургуулийн магистрант, докторант оюутнуудад ахисан түвшний хичээл заахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд зөвлөн чиглүүлж, тус сургуулийн 10 гаруй багшийг удирдан докторын зэрэг хамгаалуулсан. Түүнчлэн ХХШС-аас эрхлэн гаргадаг сэдэвчилсэн сэтгүүлийг санаачлан анхны дугаарыг хэвлүүлснээс гадна техник, технологийн салбарын нэр томьёог жигдлэх, хөгжүүлэх бодлого боловсруулах тал дээр анхааран ГХС-ийн профессор, багш нартай хамтран компьютер хэл шинжлэл, нэр томьёоны судалгааг гүнзгийрүүлэн судлах зорилготой ажиллаж байна.

ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын зөвлөх профессор, Академич Л.Болд багшдаа БНТУ-ын ШУА-ийн “Хүндэт гишүүн”-ээр сонгогдсонд нь Гадаад хэлний сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе!

Affiliated schools