link

Доктор Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгов.
2021-09-03 01:16 Онон

Доктор Ё.Отгонбаярт  ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгов.

 

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар МУ-аас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү эрхэм хүндэт цолыг олгох үйл ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ШУТИС-д боллоо. Тус арга хэмжээнд БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан, ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг Монгол улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, боловсролыг хөгжүүлэхэд төдийгүй ШУТИС-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгодог бөгөөд цолны өргөмжлөлийг их сургуулийн ректор, доктор, профессор Б.Очирбат гардуулж, профессор, МУ-ын гавьяат багш Б.Дамдинсүрэн,  БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан нар баяр хүргэж үг хэллээ.

ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол хүртэж буй Ёндонгийн Отгонбаяр нь Монгол улсын гадаад харилцаа, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хууль тогтоох салбарын бодлого тодорхойлох, зохион байгуулах түвшинд 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд онцлон дурдвал, Кембрижийн олон улсын стандартыг нэвтрүүлэн лаборатори сургуулиудыг байгуулсан нь дэлхийн стандартад ойртох эхлэл болсон.

Мөн дээд боловсрол, соёл, инновац, шинжлэх ухааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын ажлын хэсгийг ахлан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан батлуулах, Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрт суулгах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэлтийг зохион байгуулах талаар идэвхтэй ажилласан юм.

2018-2021 онуудад Монгол улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллахдаа Монгол, Америкийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн төдийгүй Монголын улсын дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд АНУ-тай холбоо тогтоож хамтран ажиллахад онцгой гавьяа байгуулжээ.

МУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг ШУТИС-тай 1995 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тус их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг өргөжүүлэх, оюутан, профессор, багш нарыг гадаадын их дээд сургуульд сургах, мэргэжил дээшлүүлэхэд нэлээдгүй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, 2010 онд ХБНГУ-ын Фрайбергийн Их сургуулийн уул уурхайн инженер, технологийн мэргэжлийн хөтөлбөрийг ШУТИС-д нэвтрүүлэх асуудлаар санамж бичгийг байгуулсан. 2011 онд АНУ-ын Аризонагийн их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр хамтран ажиллах гэрээг байгуулах үйл ажиллагаанд оролцож тус их сургуулийн оюутан, профессор багш нарыг сургах, хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажилласан. 2011 онд Канадын Бритиш Колумбын их сургуультай хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэж, Монгол Улсын их сургуулиуд Бритиш Колумбын их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн багш, залуу эрдэмтэн, судлаач солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт зохион байгуулах боломж бүрдсэнээр Канадын Бритиш Колумбын их сургууль ШУТИС-тай Уул уурхайн инженерийн мэргэжлийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.  Санамж бичгийн дагуу Монгол Улсын иргэд Бритиш Колумбын их сургуульд элсэн орсон тохиолдолд Канад Улсын иргэдтэй адил хэмжээний төлбөрөөр суралцах боломж бүрдсэн.2021 онд Жорж Мейсоны их сургуультай ШУТИС 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж, монгол оюутнуудад 5000 ам.долларын тэтгэлэг олгох ажлыг санаачлан хийсэн гэсэн зарим томоохон ажлыг дурдаж болно.

 

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл

ШУТИС-ийн Захирлын зөвлөл

 

Affiliated schools