link

Сүлжмэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтын технологийн онол-практикийн үе шаттай сургалтыг зохион байгууллаа
2020-05-25 22:12 ЗАА

ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн Ноос, ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiM-C2)” төслийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрийн ажилтнуудад зориулсан цахим хичээл, гарын авлага, загвар дээж болон сонгогдсон үйлдвэрүүдийн технологийг сайжруулах “Текстилийн үйлдвэрлэлд сүлжмэлийн эцсийн гүйцэтгэн боловсруулалтын стандарт ажиллагааны зааварчилгаа ба цахим ба ажлын байрны интерактив сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь” сэдэвт дэд төслийн туршилт судалгаа, сургалтын ажлуудыг нэг жилийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ноос, ноолууран сүлжмэлийн жижиг, дунд, том 17-н үйлдвэрүүдэд судалгаа явуулснаас Хөвсгөл аймгийн “Жинст Мөрөн” ХХК, Эрдэнэт хотын Натурал текстил группийн “Эрдэнэт Кашмер” ХХК, Улаанбаатар хотын “Баялаг-Өлзий” ХХК-ийн үйлдвэрүүдийг сонгон авч төслийн туршилт-судалгаа, сургалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

 

1-р зураг. “Жинст Мөрөн” ХХК-ний үйлдвэрийн ажилтнууд болон МСҮТ-н оюутнууд хамрагдсан “Анхан шатны мэдлэг олгох сургалт” (2019.06.11)

Энэхүү төслийн сургалтын ажлын хүрээнд төслийн багийнхан “Эрдэнэт кашмер” ХХК, “Баялаг Өлзий” ХХК, “Жинст Мөрөн” ХХК-ний үйлдвэрүүдийн байран дээр очиж ажиллан 3 удаагийн практик сургалт, зөвлөгөөг өгсөн.

  

  

2-р зураг. Үйлдвэр дээрх сургалт зөвлөгөө I (2019.06.11-12), үйлдвэр дээрх сургалт зөвлөгөө II (2019.07-09), үйлдвэр дээрх сургалт зөвлөгөө III (2020.04.15-2020.04.25)

2020 оны 02 сарын 07-08 өдрүүдэд ХҮСХХ-ийн “Текстилийн гүйцэтгэн боловсруулалтын Инкубатор төв” дээр ЮНИДО SECiM-C2 төслийн олон улсын текстилийн зөвлөх-мэргэжилтэн Лайнус Вутай хамтран төсөлд хамрагдсан 3-н үйлдвэрийн инженер-техникийн ажилтнуудад онолын мэдлэг олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, технологийн сайжруулалтыг хэрхэн хийх талаар онол, практикийн хосолсон туршилт-сургалтыг амжилттай зохион байгууллаа.

  

3-р зураг. ХҮСХХ- дээр зохион байгуулагдсан хамтарсан туршилт (2020.02.07-08)

Энэхүү сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 05 сарын 21-ний өдөр ХҮСХХ дээр боллоо.

4-р зураг. Үйлдвэрүүдийн төлөөлөлд сертификат гардуулах ажиллагаа

Ёслолын ажиллагаанд ХҮСХХ-ийн захирал Т.Төрмөнх, ЮНИДО SECiM-C2 төслийн үндэсний зохицуулагч Г.Мөнхболор, БНЧУ-ын элчин сайд Олдржих Заяычех, төслийн удирдагч профессор Г.Надмид, Жинст Мөрөн” ХХК, “Эрдэнэт Кашмер” ХХК, “Баялаг-Өлзий” ХХК-ийн төлөөлөл болон ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.

Ковид-19 өвчний хөл хорионы улмаас цуцлагдсан 2020 оны 01 сард зарласан байсан “Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалт” 50 хүний сургалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүртгүүлсэн оролцогчдод тусгайлан мэдэгдэх болно.

ХҮСХХ-ийн Ноос, ноолуур судлалын салбар

Affiliated schools