link

АНУ-ын Төрийн департаментын Олон улсын манлайлагчдын хөтөлбөрт (IVLP) хамрагдлаа
2020-02-21 09:50 Админ

Олон улсын манлайлагчдын хөтөлбөр (International Visitor Leadership Program IVLP) нь АНУ-ын Төрийн департаментын мэргэжлийн солилцооны хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь олон салбарт ажиллаж байгаа, шинээр өсөж буй гадаадын манлайлагчдыг АНУ-д богино хугацааны айлчлал хийлгэн тус улсын төрийн болон боловсролын систем, их дээд сургууль, коллежуудын үйл ажиллагаа болон тус орны түүх, соёлтой танилцуулж, Америкийн түншүүдтэйгээ урт хугацааны харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Мэргэжлийн уулзалтууд нь оролцогчдын мэргэжлийн сонирхлыг тусгасан байдаг ба АНУ-ын гадаад бодлогын зорилгыг мөн дэмждэг. Жил бүр 5000 орчим оролцогч тус хөтөлбөрийн шугамаар (IVLP) АНУ-д зочилдог. 200 гаруй мянган оролцогч тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд үүний 500 гаруй нь одоогийн болон өмнөх Төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүд байдаг.

АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Миссисипийн олон улсын хөгжлийн консорциумын (МОУХК) хэрэгжүүлсэн энэ удаагийн хөтөлбөр “Дээд боловсролын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж тус хөтөлбөрт БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогтоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 13-ны өдрүүдэд хамрагдлаа. Багийн бүрэлдэхүүнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Д.Батцэцэг, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Бадамжав, Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ж.Болор, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Т.Сумъяа, ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Ц.Сүхтулга, ШУТИС-ийн ГХХАА-ны мэргэжилтэн Г.Батзориг, МУИС-ийн Хамтын ажиллагааны албаны дарга Ш.Мэндбаяр, СУИС-ийн Гадаад харилцааны албаны дарга М.Мөнхсайхан болон МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн Д.Нарантуяа нар оролцлоо. АНУ-ын талаас Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны хөтөлбөр хариуцсан ажилтан Сара Нюжэнт, МОУХК-ын хөтөлбөр хариуцсан ахлах менежер Жиэна Лим болон хөтөлбөрийн зохицуулагч Д.Ариунболор, орчуулагч Э.Анударь, Э.Эрдэнэчимэг нар ажиллаа.

Энэ удаагийн хөтөлбөрийн зорилго нь:

  • АНУ-ын дээд боловсролын тогтолцоо, дээд боловсролын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг сайжруулах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, олон улсын солилцоо, дэлхийн хамтын ажиллагаанд үзүүлэх төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэг, их сургуулийн хандлагыг судлах
  • Засаглал, санхүүжилт, төгсөгчдийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаатай  холбоотой их сургуулийн бүтэц, захиргааны чиг үүрэгтэй танилцах
  • Оюутнуудын карьер хөгжүүлэлт, гадаад оюутнуудыг дэмжих зэрэг оюутны үйлчилгээтэй холбоотой асуудлаар ойлголт авах г.м

Хөтөлбөрийн нарийвчилсан хуваарийн дагуу АНУ-ын 3 хотод зочилж дараах үндсэн сэдвийн дагуу холбогдох төрийн байгууллага, их дээд сургуулиудад тус тус ажилласан. Үүнд:

Вашингтон хот (2020 оны 2 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүд)

  • АНУ-ын холбооны засаглал
  • Олон улсын боловсролын чиг хандлага
  • Олон улсын солилцоонд үзүүлэх төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэг

Бостон хот (2020 оны 2 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүд)

  • Дээд боловсролын олон улсын оролцоо
  • Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт
  • Их сургуулийн засаглал, санхүүжилт, магадлан итгэмжлэл
  • Онлайн болон зайн сургалт

Сан Франциско хот (2020 оны 2 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүд)

  • Их сургуулийн интернационалчлал, стратеги төлөвлөлт
  • Оюутны үйлчилгээ, карьер хөгжүүлэлт
  • Төгсөгчдийн оролцоо
  • АНУ-ын боловсролын системд дэх олон нийтийн коллежийн үүрэг, оролцоо

2 дугаар сарын 3-ны өдөр /Вашингтон хот/

Хөтөлбөрийн эхний өдөр Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны хөтөлбөр хариуцсан ажилтан Сара Нюжэнт /Ms. Sarah Nugent – Program Officer, Bureau of Educational and Cultural Affairs/, МОУХК-ын хөтөлбөр хариуцсан ахлах менежер Жиэна Лим /Ms. Julie Lim – Senior Program Manager – Mississippi Consortium for International Development/ болон хөтөлбөрийн зохицуулагч Даниэлла Фаллин /Ms. Daniella Fallin – Program Coordinator, Mississippi Consortium for International Development/ нар IVLP хөтөлбөрийн танилцуулга хийж оролцогчдтой танилцав.

 

Үүний дараагаар Жорж Майсоны их сургууль (George Mason University) дээр зочилж Засгийн газар, бодлогын сургуулийн (School of Policy and Government) захирал Др. Марк Розелл /Dr. Mark Rozell – Dean, School of Policy and Government/ оролцогчдыг хүлээн авч уулзлаа. Др. Марк Розелл Америкийн төвлөрсөн бус улс төрийн хүчний системийн талаар лекц уншиж, АНУ-ын ерөнхийлөгч, конгресс болон шүүхийн харилцаа, орон нутаг, муж, улсын бүхий л түвшинд засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтын тогтолцоо хэрхэн хэрэгжүүлдэг талаар мэдээлэл өгөв. Др. Марк Розелл нь АНУ-ын засгийн газар, ерөнхийлөгчийн засаглал, шашин ба улс төр, медиа ба улс төр, сонгуулийн үеэрх сонирхлын бүлэглэлүүдийн талаар 9 ном бичиж 16 номын редактораар ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн юм.

2 дугаар сарын 4-ний өдөр

Олон улсын багш нарын холбооны (NAFSA: Association of International Educators) Мэдлэг хөгжүүлэлтийн хэлтсийн Гүйцэтгэх захирлын орлогч Доротэ Антонио /Ms. Dorothea Antonio – Deputy Executive Director, Knowledge Development/ биднийг хүлээн авч уулзлаа. Тус холбоо нь дэлхийн 150 орны 3500 гаруй их дээд сургуулиуд, 10 мянга гаруй гишүүдтэй олон улсын боловсрол, солилцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том, олон талт, ашгийн бус байгууллага юм. АНУ-д төвтэй тус холбоо нь дэлхий даяарх олон улсын багш нарын холбоодод боловсролын хөтөлбөр, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ, виртуал болон бодит уулзалтын танхим, сайн туршлага, мэргэжил дээшлүүлэх боломжууд, судалгаа, мэдлэг бүтээх үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтын үеэр Америкийн их сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны чиг хандлага, байгууллагын интернациолналчлалыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлдэг талаар яриа өрнүүлж, мэдээлэл өгөв.

МОУХК-ын Олон улсын боловсролын институт (Institute of International Education - IIE) дээр очиж тус институтийн судалгаан хариуцсан ажилтан Жули Баер /Ms. Julie Baer – Research Specialist/, Фулбрайтын зочин судлаачийн хөтөлбөрийн захирал Грета Шарнвэбэр /Ms. Greta Scharnweber – Director, Fulbright Visiting Scholar Program/ нар хүлээн авч уулзаж олон улсын боловсролын өнөөгийн чиг хандлага, тус институтийн Open Door research хөтөлбөр болон олон улсын зочин судлаачдад Фулбрайтын хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар мэдээлэл өгөв.  

 

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоон дээр зочилж Фулбрайт хөтөлбөр хариуцсан ажилтан Николь Голлихэр /Ms. Nicole Gollinher – Program Officer, Fulbright/, FLEX хөтөлбөр хариуцсан ажилтан Ами Шулъц /Ms. Amy Schulz – Program Officer, FLEX/ нар хүлээн авч уулзан Төрийн департаментын дэлхийн боловсролын солилцоо, ахлах сургуулийн сурагчдад зориулсан Ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөр /Future Leaders Exchange (FLEX) Program/-ийн талаар танилцуулга хийж санал солилцлоо.

 

2 дугаар сарын 6-ны өдөр /Бостон хот/

Бостон хот дахь хөтөлбөрийн эхний өдөр бид edX онлайн платформын төв байранд зочилж гүйцэтгэх захирал Ли Рубэнштайнтай /Mr. Lee Rubenstein – Executive Director/ уулзлаа. edX нь 20 сая бүртгэлтэй хэрэглэгч бүхий итгэмжлэгдсэн сургалт, боловсролын платформ юм. Харвард болон MIT үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн тэргүүлэгч их сургуулиуд, технологийн компаниудыг нэгтгэсэн  ашгийн бус, цаг хугацаа, орон зай, эдийн засгийн бэрхшээлийг арилган уламжлалт боловсролын тогтолцоог өөрчилж буй байгууллага юм. Тус уулзалтын үеэр Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбаттай шууд холбогдож edX-ийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, бүтээгдэхүүний талаар асуусан асуултуудад хариулт авч ажиллаа.

 

Тус уулзалтын дараа Бриджвотэрийн улсын их сургуулийн (Bridgewater State University) дэд захирал Др. Вин-Кай То /Dr. Wing-Kai To – Assistant Provost/, сургалт эрхэлсэн захирал Др. Жаббар Аль-Обайди /Dr. Jabbar Al-Obaidi – Academic Director/, санхүү эрхэлсэн дэд захирал Дааг Шропшир /Mr. Doug Shropshire – Vice President for Finance/ нартай уулзаж тус сургуулийн бүтэц, улсын сургуулийн санхүүжилт, эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тус их сургууль нь 11 мянган оюутантай, 6 сургууль, 3 хүрээлэнтэй 800 гаруй багштай АНУ-ын 10 дахь том улсын сургууль юм.

 

2 дугаар сарын 7-ны өдөр

Зүүн хойд их сургууль (Northeastern University) дээр зочилж Co-op хөтөлбөрийн зохицуулагч Жонатан Андрьютай /Mr. Jonathan Andrew – Associate Co-op Coordinator/ уулзаж тус сургууль дээр хэрэгждэг оюутны үйлдвэрлэлийн дадлага хийдэг Co-op хөтөлбөрийн талаар болон төгсөгчдөө хэрхэн ажлын байранд зуучилдаг талаар мэдээлэл авлаа. Тус их сургууль 20 мянга гаруй оюутантай, 7 сургуультай бөгөөд төгсөгчдийн 90 хувь нь ажлын байртай болдог байна. Ингэхдээ ажил олгогчдыг сургууль дээрээ байрлуулж ямар ур чадвартай мэргэжилтэн шаардлагатай талаар судалж, төгсөгчид ямар ажил сонгох шийдвэр гаргахад нь тусалж, төгсөгч, ажил олгогч хоёрыг холбож өгдөг байна. Nucareers платформ ажиллуулж ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл зарлаж төгсөгчдийг мэдээллээр хангадаг.

 

Үүний дараагаар Шинэ Английн сургууль, коллежуудын холбооны (New England Association of Schools and Colleges NECHE) дэд захирал Др. Кэрол Андэрсон /Dr. Carol Anderson – Vice President/, Др. Лаура Гамбино /Dr. Laura Gambino - Vice President/, Др. Эйрон Перкус /Dr. Aaron Perkus - Vice President/, Др. Паула Харбекэ /Dr. Paula Harbecke - Vice President/ нартай уузлав. Тус байгууллага нь АНУ-ын 6 муж болох Коннектикут, Мэйн, Массачусеттс, Нью Хэмпшир, Род Айланд болон Вермонтыг  хамаарсан бүсийн магадлан итгэмжлэлийн агентлаг юм. Мөн Грект 3, Швейцарьт 3, Ливанд 2, Болгар, Бермуда болон Морокко улсуудад тус тус 1 хүрээлэнтэй.

Дараагийн уулзалтаар Бостоны их сургууль (Boston University) дээр зочилж Олон улсын хөтөлбөр хариуцсан дэд захирал, проректор Др. Виллис Ванг /Dr. Willis Wang - Vice President and Associate Provost for Global Programs/ болон түүний тусгай зөвлөх Эллэн Сонг /Ms. Ellen Song – Special Advisor to the Vice President and Associate Provost for Global Programs/ нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Др. Ванг судалгааны их сургууль хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг, эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилт, хамтын ажиллагааны талаар болон Бостоны их сургуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. БИС нь 35 мянга гаруй оюутантай, 4 мянга гаруй багш, 10 мянга гаруй ажиллагсадтай, 2.17 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого, 579 сая ам.долларын эрдэм шинжилгээний санхүүжилттэй, Times Higher Education эрэмбээр 61, QS World эрэмбээр 98 дугаарт бичигдсэн Америкийн 4 дэх том хувийн их сургууль юм.

 

2 дугаар сарын 10-ны өдөр /Сан Франциско хот/

Беркли дэх Калифорнийн их сургуулийн (University of California, Berkeley) гадаад оюутны байртай танилцав. Биднийг тус их сургуулийн гадаад харилцааны албаны оюутны үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ээрин Скэлли /Ms. Erin Skelly – Assistant Director for Student Service, Berkeley International Office/ хүлээн авч уулзаж сургуулийнхаа үйл ажиллагаа, оюутны үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Энэ үеэр тус сургуульд суралцдаг Монгол оюутнуудын төлөөлөл 4 оюутан хүрэлцэн ирж сэтгэгдлээ хуваалцлаа. Үүний дараагаар Стратеги хариуцсан захирал, соёл хоорондын манлайллын асуудал эрхэлсэн дарга Др. Жэйсон Патент  (Dr. Jason Patent – Chief of Strategy & Director of Intercultural Leadership) гадаад оюутны байрны түүх, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

 

Хөтөлбөрийн дараагийн хэсэгт Калифорнийн их сургуулийн төгсөгчдийн холбоо дээр очиж тэдний үйл ажиллагаатай танилцлаа. Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Клофилдэ Хэвлэтт /Ms. Clothilde (“Cloey”) Hewlett – Executive Director/ болон Хөтөлбөр хариуцсан ахлах ажилтан Ан Тран /Ms. Anh Tran – Chief Program Officer/ нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төгсөгчдийг холбооны үйл ажиллагаанд хэрхэн татан оролцуулах стратеги, сайн дурын болон мэргэжлийн харилцаа холбоо үүсгэх, төгсөгчдөөс цуглуулсан хөрөнгөөр хэрхэн сан үүсгэх, сургалтын тэтгэлэг олгох зэрэг туршлагаасаа хуваалцлаа. Калифорнийн их сургуулийн төгсөгчдийн холбоо нь 1872 онд тус их сургуулийн анхны төгсөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 493 мянга гаруй төгсөгчидтэй, 22 Нобелийн шагналтан, 207 Олимпын медальтан төрөн гарсан дэлхийн шилдэг их сургууль юм. Тус их сургуулийн төгсөгчдийн дундаас нэр алдар бүхий хүмүүсээс Apple компани үүсгэн байгуулагчдын нэг Стив Возниак, Японы Softbank компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Масаёоши Сон, АНУ-ын нэрт математикч, тэрбумтан Жим Саймонс, Холливудын жүжигчин Крис Пайнэ зэрэг хүмүүсийг нэрлэж болно.

Мөн өдрийн төгсгөлд Сан Франциско хотын коллежтой (City College of San Francisco) танилцав. Тус коллеж нь төрийн өмчийн бөгөөд мужийн санхүүжилттэй, 2 жилийн сургалт явуулдаг олон нийтийн коллеж юм. Нийт 65 мянган оюутантай, Сан Франциско хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Уулзалтын үеэр АНУ-ын дээд боловсролын систем дэх техник, мэргэжлийн боловсрол, аж үйлдвэрийн түншлэл, дагалдан суралцагч сургах болон карьерын үйлчилгээ зэрэг сэдвээр асуулт хариулт, хэлэлцүүлэг хийв.

 

2 дугаар сарын 11-ний өдөр

Хөтөлбөрийн сүүлийн өдөр Сан Францискогийн улсын их сургуулийн (San Francisco State University) үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр Олон улсын хөтөлбөрийн албаны солилцооны оюутнуудын зөвлөх Лили Феррис /Ms. Lily Ferris – Exchange Student Advisor, Office of International Programs/ болон Карьерын үйлчилгээ, манлайллын хөгжүүлэлтийн албаны дарга Др. Орландо Харрис /Dr. Orlando Harris – Director, Career Services & Leadership Development/ нар оюутныг дэмжих үйлчилгээ, гадаад оюутны үйлчилгээний талаар танилцуулга хийв. Мөн тус сургуулийн гадаад харилцааны албанаас сургуулийн кампус тур зохион байгуулсан.     

 

Кампус турын дараа Сан Францискогийн улсын их сургуулийн чадавхыг бэхжүүлэх албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтад тус сургуулийн дэд захирал Николь Лангэ /Ms. Nicole Lange – Vice President/ их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бий болгох, хандивлагчид болон төгсөгчдийн харилцааг зохицуулах, стратеги төлөвлөлтийн талаар яриа хийж бидний зүгээс асуусан асуултуудад хариулт өгсөн.

 

Үүгээр бидний албан ёсны хөтөлбөр амжилттай өндөрлөж АНУ-ын дээд боловсролын талаар богино хугацаанд маш их мэдээлэл авч, цаашид Америкийн их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үр дүнтэй хөтөлбөр боллоо.

ГХХАА-ны мэргэжилтэн Г.Батзориг

Affiliated schools