link

АНУ-ын Азийн сан, Ширин Панжу Мэрали сан, Зориг сан эмэгтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгов
2011-10-05 23:58 Админ

Хоёр дахь жилдээ 60 оюутан дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг авч, Монгол улсын нэр хүндтэй хоёр их сургуулъд суралцахаар боллоо. 2011 оны 9-р сарын 30-ны өдөр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй Азийн орнуудын боловсролын хүртээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус сан, Ширин Панжу Мэрали сан, Зориг сан, Монгол Улсын их сургууль (МУИС), Шинжлэх ухаан, технологийн их сургуульд (ШУТИС) шинээр элсэн орсон 60 эмэгтэй оюутанд тэтгэлэг олголоо. Уг хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн бэрхшээлийн улмаас их, дээд сургуульд суралцах бололцоогүй сурлага сайтай залуу эмэгтэйчүүдэд тэтгэлэг олгох юм.

 

      Ширин Панжу Мэрали сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг "Ширин Панжу Мэрали сангийн тэтгэлэгт хөтөлбөр" өрсөлдөөнтэй явагддаг бөгөөд энэ хичээлийн жилд дээр дурьдсан сургуулиудад элсэн орсон 274 эмэгтэй оюутан материал бүрдүүлж өгснөөс Азийн сан болон Зориг сангийн төлөөлөгч нараас бүрдсэн баг 161 оюутантай нэг бүрчлэн ярилцлага хийж, шинжлэх ухааны бакалаврын сургалтанд шинээр элсэн орсон 48, нийгмийн шинжлэх ухааны бакалаврын сургалтанд шинээр элсэн орсон 12 эмэгтэй оюутанд тэтгэлэг олгов. Тухайлбал ШУТИС-ийн 32, МУИС-ийн 28 оюутанд тэтгэлэг гардуулав. Уг тэтгэлэгт 4 жилийн сургалтын төлбөр, ном, сурах бичгийн зардал зэрэг багтсан болно. 2010-2011 оны хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсад анх зарлагдаж, 60 эмэгтэй оюутан хамрагдаж байсан бол энэ жил хөтөлбөрт хамрагдаж байгаа нийт оюутны тоо 120-д хүржээ.

 

      Ширин Панжу Мэрали санг Панжу Мэрали өөрийн эхнэр Ширин Мэралигийн нэрэмжит болгон үүсгэн байгуулсан юм. Тус сан Азийн сангаар дамжуулж Монгол Улсад төдийгүй Малайз, Камбож, Пакистан зэрэг Азийн бусад улсад мөн төрлийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудад суралцаж байгаа билээ.
     Азийн сан нь 1954 оноос хойш Азийн орнуудын боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, ялангуяа охидын боловсролыг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн. Тус сан нь Монгол Улсад 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй анхны олон улсын төрийн бус байгууллага билээ. Энэ хугацаанд Монгол Улсад засаглал, иргэний нийгмийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

 


ЗХШҮГ

 

Affiliated schools