link

Өмнөд Монголын орд газруудтай танилцах Оюутны аялал - 2011
2011-10-05 21:32 Админ

2006-2008 онуудад Зүүн бүсийн аймгуудын орд газруудтай танилцах тойрон аяллыг ШУТИС –ийн Геологи Газрын тосны сургуулийн шилдэг оюутнуудын хүрээнд амжилттай зохион явуулж олон оюутнуудын сурч мэдэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Дээрх 4 удаагийн аяллыг “Western prospector” ХХК-ийн  ивээн тэтгэж байсан юм. Оюутнууд энэхүү аяллаар орд газруудтай танилцах, дээж материал цуглуулах, судалгааны чиг баримжаа авах, диплом бичих, эрдэм шинжилгээний хурал зохион явуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь оюутнуудын сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой болох, сурах урам зоригийг нэмэгдүүлэх, хамт олны идэвхийг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.  

Энэ жил Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын нутагт орших орд газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах оюутны тойрон аялал 2011 оны 9-р сарын 21-28 ны өдрүүдэд амжилттай зохион явагдлаа. Аяллыг “URSA” ХХК ивээн тэтгэсэн ба нийт ГГТ сургуулийн 15 оюутан, багш Ё.Мажигсүрэн, Геологич Н.Эрдэмбаяр, 2 жолооч нийт 19 хүн оролцлоо.  Энэхүү аялалд оролцсон оюутнууд нь 2011 оны хавар “URSA” компанаас ивээн тэтгэж зохион байгуулсан Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож шалгарсан болон “Гео-Эрдэм” клубын идэвхитэй гишүүд, сурлагаараа тэргүүний шилдэг оюутнуудаас бүрдсэн юм.

Аялалд гарахын өмнө

Тус аяллаар Элгэн булагийн перлитийн орд, Шивээ овоогийн нүүрсний уурхай, Оюу толгойн зэс алтны орд, Ухаа худагийн нүүрсний уурхай, Олон овоотын алтны ордын геологийн тогтоц болон ашиглалтын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Баян хошууны целестин, Авдарантын Хайлуур жоншны ордын хайгуулын ажил, Ухаа худагийн нүүрсний хайгуулын өрөмдлөгийн техник ажиллагааг үзэж сонирхсон.

 

 

Шивээ Овоогийн нүүрсний орд

 

Дэмчигийн хийдийн хийморийн овоон дээр

 

Оюу толгойн орд дээр

 

“Энержи ресурсе” ХХК ийн Геологичидын ажлын өрөө

 

Ухаа худагийн нүүрсний орд

 

Булган сумын жимс ногооны аж ахуй

 

Ёлын ам

 

Баян заг

 

Олон овоотын алтны орд

 

Очсон газар бүр оюутнуудыг халуун дотно хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулж, орд газраа үзүүлэн талбайрлаж, өөрсдийн туршлагаасаа харамгүй хуваалцаж үнэтэй зөвлөлгөө өгч байсанд  геологич ах, эгч нартаа оюутан залуус маш их баярлаж явснаа дашрамд хэлэхэд таатай байна.  

Түүнчлэн Дундговийн байгалийн цогцолбор газар болох Их нартын боржингийн массив болон түүний баруун хойно орших Халзангийн рашаан, Өмнөговийн  Ханбогдын шүлтлэг массивын өвөрмөц сонин тогтоцыг харж, Говийн Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан Дэмчигийн хийдийг үзэж, Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газарын Ёлын аманд сэрүүцэн, байгалийн музейг үзэж,  Булган сумын баян бүрдийн жимсний дээжийг амтлан, Баян загийн үлэг гүрвэлийн яс агуулсан элсэн чулуулгийн үенүүд жаргах наранд улааран байхыг харан гайхаж эх орныхоо үзэсгэлэнт байгалиар бахархахгүй байхын аргагүй байлаа. 

 

Цагаан суврагын орой дээр

 

Дундговийн аялал жуулчлалын нэгэн төв болсон  Цагаан суврагын хэвтээ үелэл бүхий цав, тунамал чулуулгийн дотор үүссэн 60 гаруй метр урттай “Хэвтээ босоогийн агуй”-д аялан өвөрмөц сонин тогтоцыг бодитоор үзлээ. Аяллын явцад Даланзадгад, Мандалговь хоттой танилцаж, орон нутгийн музей үзэж, хөшөө дурсгалд зургаа татуулж явсан нь улам сонихолтой байлаа.   

Аяллыг ‘URSA’ ХХК ивээн тэтгэж, дэмжин тусалсан явдалд сургуулийн хамт олноос болон аялалд оролцсон бүх оюутнууд гүнээ талархаж баярласнаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт тань амжилтын дээдийг хүсэн ерөөе. Дашрамд хэлэхэд тус компаний геологичид нь манай сургуулийн ГГТС - ийг 2007 оны төгсөгчид бөгөөд оюутан байхдаа тус аялалд оролцож, илтгэл тавьж явсан юм.  

Цаашид энэхүү оюутан залуусын тойрон аяллыг тогтмол зохион явуулж байх нь чухал ач холбогдолтой юм.

Affiliated schools