link
Их, дээд сургуулиудын багш нарын сургалтын хөтөлбөр, заах арга зүйг сайжруулах CDIO ахисан түвшний сургалт өнөөдрөөс ШУТИС-д эхэллээ. Тус сургалтад төрийн өмчийн 6 сургууль буюу МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС-ийн нийт 160 профессор багш нар хамрагдаж байна. Энэхүү ахисан шатны сургалтад хамрагдсанаар их сургуулийн хөтөлбөрүүдэд "Үр дүнд суурилсан боловсрол"-ын арга зүйг сургалтын системд нэвтрүүлэх, CDIO стандарт арга зүйг тогтворжуулах арга зүйгээр хангах, багшийг чадавхижуулах, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хийх, дотоодын болон ОУ-ын магадлан итгэмжлэлд бэлтгэх зорилготой юм.
Сургалт зохион байгуулах хүсэлтийг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс CDIO-ийн Азийн бүсийн төвд гаргаснаар Сингапурын тал дэмжсэн байна. CDIO ахисан түвшний сургалт зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Сингапур улсын Темасек сангийн гүйцэтгэх захирал ноён Бэнэдикт Чёонг, тус улсын Политехникийн олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Жонни Тан болон ерөнхий менежер ноён Гох Сиак Гүүн, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Д.Хэрүга, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бусад албаныхан оролцож гарын үсэг зурж баталгаажууллаа.
"Сэтгэгч", "Зохиогч", "Бүтээгч", "Хэрэгжүүлэгч" мэргэжилтэн бэлтгэх арга зүйд шинэчлэл хийх, хамт олноо манлайлан ажиллах, тус арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарын бүлгийг бэлтгэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтворжуулах, бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлэх зорилгоор төслийн 2 дахь шат буюу Ахисан түвшний CDIO-г эхлүүлж байна.
Анх ШУТИС дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, арга зүйн шинэчлэлийн туршлагатай танилцаж, 2011 оноос эхлэн CDIO сургалтын аргыг нэвтрүүлэх ажил эрчимтэй хийгдсэн байна. ШУТИС нь 2015 онд CDIO-ийн гишүүн их сургууль болсноор, БСШУСЯ болон Сингапурын Темасек сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын Политехник (SP), Сингапур Политехник Интернэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд боловсролын сургалтын арга зүйн дэмжлэг аван хамтран ажиллаж байна.
ШУТИС-ийн инженер, технологийн гурван хөтөлбөрт CDIO-г нэвтрүүлэх төслийг 2015 оноос эхлүүлж, тус ажлын хүрээнд сургалтын орчинг бүрдүүлэх, тоног төхөөрөмж худалдаж авах, багш нарыг чадавхижуулах сургалтууд зохион байгуулах, 3 хөтөлбөрийн урлангуудыг шинэчлэх, ОУ-ын хурлын материалуудыг орчуулан түгээх, хөтөлбөрийг боловсруулах арга зүйн зөвлөмжийг боловсруулах, хөтөлбөр болон хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, цахим хичээлүүд бэлтгэх, хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудад шаардагдах хөрөнгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэгжээр дамжуулан АХБ-ны санхүүжилтээр гүйцэтсэн байна.
Инженерийн боловсролын дэлхий нийтийн CDIO хамтын ажиллагаа нь "Бодож сэтгэх - Төлөвлөж загварчлах - Бүтээн ажиллуулах - Хэрэгжүүлэх" гэсэн бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгодог циклийн дагуу инженерийн боловсролыг шинэчилж, оюутанд инженерийн суурь мэдлэг, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох зорилготой инженерийн боловсролын тогтолцоо. Дэлхийн олон оронд CDIO сургалтыг зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгож, инженерийн хөтөлбөрт зориулж бий болгосон, боловсрол олгох түвшинд тохируулан өөрчилж болох сургалтын шинэ арга зүй, загвар гэж үздэг байна. Шинэ үеийн инженер, технологичдийг бэлтгэх "CDIO" сургалтын шинэ арга, арга зүйг төрийн өмчийн их сургуулиуд хөтөлбөрүүддээ нэвтрүүлж эхлээд байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea