link

Соёл, харилцааны өндөр түвшинг эрэлхийлэх нь...
2018-03-29 03:56

ШУТИС-ийн багш, ажилчдын “Science Café” клубийн гишүүдийн зохион байгуулдаг ажлуудын нэг болох чөлөөт уулзалт арга хэмжээ төлөвлөгөөний дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Арга хэмжээд нийт 84 хүн оролцсоноос  идэвхтэй оролцогч 53 хүн байлаа. 

Уулзалт ярилцлага, чөлөөт хөтөлбөр бүхий үе шатуудаас бүрдэх тус арга хэмжээ нь багш, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, санаа бодлоо хуваалцах, сургуулийн хөгжлийн талаарх нэгдмэл байр сууриа бататгах зорилготой юм. Чөлөөт хөтөлбөрийн үндсэн ач холбогдол нь урлаг, соёлын аргаар харилцааны эерэг орчин бүрдүүлэхэд оршиж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Академич, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат багш уригдан оролцож “Аж үйлдвэрийн хувьсгал ба хүн байх ухаан”-ны талаар ярилцаж, асуултад хариулсан юм.

Уулзалтын эрхэм зорилго нь уригдаж ирсэн зочны үгийг сонсох, бусадтай сонирхсон асуудлаараа хэлэлцэн ярилцах үндсэн зорилгынхоо хүрээнд сургуулийн хөгжлийн замын зургийг илүү баяжуулах олон бүтээлч яриа өрнөсөн. Уулзалтын бас нэг сонирхолтой мэдээлэл бол доктор А.Дэлгэрмаа багшийн “Хунт нуурын 2-р үзэгдэл” цагаан хун Одеттагийн вариац байсан юм. Тэрээр хэлэхдээ “...ШУТИС-ийн багш, ажилчид нэгдэж уулзаад бие биетэйгээ соёлтойгоор мэндчилэхийн хажуугаар хамтран ажиллах олон бүтээлч санаачлагыг хэлэлцэн, ярилцах орчин бол Science Café байх хэрэгтэй” гэв. Энэ утгаараа арга хэмжээнд хүрэлцэн ирэх багш, ажилчид бусаддаа илүү их мэдээлэл түгээхийн сацуу чөлөөт уулзалтын үед зохион байгуулагдах бүжгийн хичээл, хөгжөөнт тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцох бүртээ бусаддаа сэтгэл зүйн хувьд таатай харилцааг өгч хэвших нь үйл ажиллагааны дотоод зорилт байх болно.

ШУТИС-ийн багшийн хөгжлийн төвийн үе үеийн дарга, тэргүүлэгчид уулалтад хүндэт зочдоор оролцлоо. Тэд хэлэхдээ “... ШУТИС-ийн багшийн хөгжлийн төв, хуучнаар зөвлөл байх үед зохион байгуулагдаж байсан үйл ажиллагаануудын хамгийн чухал өгөөж бол бид нэгэн гэр бүл, нэг хамт олон байж нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй үлдэж чадсан явдал юм” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн ШУТИС-ийн хэвлэлийн газар урилга, арга хэмжээний сурталчилгааны хуудас зэргийг хөнгөлттэй үнээр хэвлэж дэмжлэг үзүүлсэн нь арга хэмжээний зохион байгуулалтад чухал нөлөө үзүүлсэн. ШУТИС-ийн ГХИ-ийн багш, ажилчдын бодит дэмжлэг бол уг арга хэмжээний ач холбогдол, үр өгөөжийг соёлын түвшинд илүү ахицтай хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах явдал юм хэмээн зохион байгуулагчид дурдаж байна. Учир нь ШУТИС-ийн хувьд хэл соёл, харилцаа, ухамсар өндөр түвшинд байх ёстой бөгөөд үүнийг бид соёлоор дамжуулж бий болгох боломжтой.

Эрхэм багш, ажилчид та бүхэн тус клубийн гишүүдийн сайн дурын үйл ажиллагааг дэмжиж, агуулга, ач холбогдлыг өсгөх чиглэлээр хамтран ажиллах замаар эвсэг, бүтээлч, өрсөлдөх чадвар өндөртэй, үлгэр жишээ зан төлөв бүхий хандлага, эрмэлзлэлээр оролцохыг уриалж байна.

 

Affiliated schools