link

Дэлхийн усны өдрийг угтан “Ус хагалбарын төв цэг” рүү аяллаа
2018-03-28 23:37

Монгол Улсад, Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 45 жилийн ойг угтан зохион байгуулснаар энэ жилийн аялал онцлог болж байна. ШУТИС, ГУУС, Геологи-Гидрогеологийн салбарын Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн эрдэмтэн багш нар, оюутнууд, Монголын Гидрогеологичдын холбоотой хамтран 2018 оны 3 дугаар сарын 17-нд “Ус хагалбарын төв цэг рүү” аялах аялалд өглөө 9 цагт ШУТИС-ийн төв байрнаас хөдлөв.

Аяллыг доктор (ScD), профессор Н.Батсүх, ахмад багш нар нь тухайн газар нутгийн онцлогийг тайлбарлан таниулж, ухаарал хайрласан сургаалиа хэлж сайхан ерөөлтэй үгсээр шавь нартаа мялаалга өргөн нээлт хийлээ. Тус аялалд Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл, “Лэндтест ХХК”-ийн захирал, төгсөгчид, оюутнууд нийт 50 гаран хүмүүс оролцов. Доктор (ScD), профессор Н.Батсүх аялагчдад тухайн ус хагалбарын төвийн талаар танин мэдэхүйн товч лекц уншсан нь маш гайхалтай мэдээлэл болсон.

Багш нарын төлөөлөл: урд эгнээ баруун гар талаас доктор (PhD) Д. Энхбаяр, Монголын Гидрогеологичдын холбооны мэргэжилтэн Б. Хулан, Гидрогеологийн анхны багш Сурмаажав, ахмад багш Пүрэвсүрэн, Монгол улсын гавьяат багш доктор (ScD), профессор Н. Батсүх, доктор (PhD) Г. Сарантуяа, Гидрогеологи, Инженер геологи, геоэкологийн 1,2,3,4 курсын оюутнуудын хамт

Аялал танин мэдэх ач холбогдолтой байсан төдийгүй Гидрогеологийн 4-р курсын оюутнууд уулын оргил булаалдах, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулж уулын оргил булаалдах тэмцээнд эрэгтэй оюутнаас Гидрогеологийн 3-р курсын оюутан М.Ганжаргал, эмэгтэй оюутнаас Гидрогеологийн 2-р курсын оюутан Б.Пүрэвдолгор нар тэргүүлэн өргөмжлөл, дурсгалын зүйл, ном зэргээр шагнуулав. Мөн хөгжөөнт тэмцээнд Гидрогеологийн 2-р курсын оюутан Б.Пүрэвдолгор тэргүүлж, удаах байранд төгсөгч нарын төлөөлөл орж шагнуулав.

Уулын оргил булаалдах, хөгжөөнт тэмцээний тэргүүлэгчид багш нараасаа шагналаа гардаж буй байдал

Бидний аялал адал явдлаар дүүрэн байлаа. Монгол бөхийн барилдааны тэмцээн болж түрүү бөх Гидрогеологийн 2-р курсын оюутан Б.Баярцогт, үзүүр бөх Гидрогеологийн 4-р курсын оюутан Н. Шинэбаяр нар шагнал болон байлсан мөнгө, ном зэргийг гардан авлаа.

Зохион байгуулалцсан Гидрогеологийн 4-р курсын хамт олон

Ус хагалбарын цэгийн тухайд (Хөндлөн уул)

Монгол улсын газар нутгийн усны гуравны нэгийг гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог  Төв Азийн усны хүйс цэг буюу Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг огтлох цэг нь Улаанбаатар хотоос холгүй 60 гаруй км-т Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Хөндлөн хэмээх ууланд бий. Хойд өргөргийн 4703906, дорнод уртрагийн 10703128 -ийн газарзүйн солбилцолд Хөндлөн уулын орой дээр далайн түвшнээс дээш 1854 метрт гурван талт баганан тэмдэглэгээ байх бөгөөд тэдгээрийн талууд нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудыг төлөөлүүлэн хийсэн бөгөөд тэр үеийн нэрээр ТИС-ийн багш ажилчид цемент, шохойг үүрэн гарч бүтээсэн түүхтэй.

Ус хагалбарын цэгт байрлах баганан хөшөөний байдал

Хан Хэнтийн  нуруунаас эх авсан гурван голын нэг нь Онги гол Амар мөрөнд цутган урсч Номхон далайд цутгадаг, Хэрлэн гол нь Далай нуурт цутгадаг тул Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг, Туул гол нь Сэлэнгэ мөрөнд цутган Байгаль нуурт хүрээд Хойд мөсөн далайд цутгадаг. Хэнтий нуруунаас эх авсан эдгээр голууд нь бие биедээ цутгадаггүй Төв Азийн цэнгэг усны хагалбарыг үүсгэдэг.

Энэхүү цэгийг анх уг нь Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн тэнхимийн ахмад багш тэр үеийн анхны багш Пүрэвсүрэн маань нээж тогтоосон боловч тухайн үед хөөцөлдөж яваагүйгээс БНМАУ-ын Усны аж ахуйн яамны харьяа Усны хайгуул төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэн Бүгд найрамдах Унгар ард улсын институттэй хамтран хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд дараа нь 1971-1975 оны хооронд нээн тогтоосон хэмээн бичдэг болжээ.

Монгол орны ашиглах боломжтой усны нөөцөөс 17.7 тэрбум шоо метр буюу 51.5 хувь нь Хойд мөсөн далайн ай савд, дөрвөн тэрбум шоо метр буюу 11.8 хувь нь Номхон далайн ай савд, 12.6 тэрбум буюу 36.7 хувь нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд ноогддог. Монгол улсын усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхдээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

Affiliated schools