link

“MUST ROBOCON-2018” тэмцээн зохион байгуулагдлаа
2018-03-28 00:26

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, инженерийн CDIO зэрэг ур чадварыг хөгжүүлж улсын болон олон улсын Робокон тэмцээнд амжилттай оролцуулах зорилгоор ШУТИС-ийн аварга баг тодруулах “MUST ROBOCON -2018” тэмцээн зохион байгуулагдлаа.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь үндэсний Робоконы тэмцээн 2002 оноос 16 удаа зохион байгуулагдахад 11 удаад нь аварга болж байсан туршлагатай юм.

“MUST ROBOCON-2018” тэмцээнийг үндэсний тэмцээний мэргэжлийн шүүгчид шүүн явуулсан бөгөөд ШУТИС-ийн Эрдэм, шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцож үзэж сонирхлоо.

Энэ удаагийн ‘MUST ROBOCON -2018’ тэмцээнд  Механик тээврийн сургуулийн Pro-Mech-I, Pro Mech-II, Мэдээлэл, холбооны технологийн “High-Tech”, Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “ҮТС”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Коосэн-I”, “Коосэн-II” гэсэн 7 баг өрсөлдсөнөөс П.Чойсүрэн удирдагч багштай, Бөхчулуун ахлагчтай “Pro Mech-I” баг аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод цэвэр ялалт байгуулж ШУТИС-ийн 2018 оны аварга багаар шалгарлаа. Ингээд “High Tech” баг хоёрдугаар байрт орсон бол хагас шигшээ тоглолтонд учраа таарсан “Эрчим”, “Pro-Mech-II” багуудын тулаанд “Pro–Mech-II” баг оноогоор ялж гуравдугаар байр, “Эрчим” баг тусгай байранд орлоо. Тэмцээнд багууд хэд хэдэн цэвэр ялалт байгуулснаас “High-Tech” багийн нээлтийн тоглолтод “1 минут 24 секунд”-ын ялалт  нь онцлох амжилт байлаа.

Тэмцээнд оролцсон нийт багууддаа Үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож олон улсад амжилт гаргахыг хүсье.

2018 оны Робокон тэмцээний тухай:

 Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 4 сарын 17-нд болохоор төлөвлөгдөж байгаа бол “ABU ROBOCON 2018” олон улсын тэмцээн энэ жил Вьетнам улсад 08 сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор Робокон тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай.
Олон улсын Робокон тэмцээнийг  Азийн 19 орон ээлж дараалан эх орондоо зохион байгуулдаг онцлогтой.

2019 оны олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс яриа хэлэлцээр хийж байна.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Affiliated schools