link

“Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент Монгол улсын хөгжлийн хэрэгцээ: Боловсролын салбарын шинэчлэл ба залуусын ажил эрхлэлт” семинар болж байна
2017-11-28 19:42

ЮНЕСКО-гийн Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежментийн хөтөлбөрийн (МОСТ) ивээл дор 2017 оны 11 сарын 28-29-ний өдрүүдэд  “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент Монгол улсын хөгжлийн хэрэгцээ: Боловсролын салбарын шинэчлэл ба залуусын ажил эрхлэлт” семинар ШУТИС-д болж байна. Семинарыг ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар хамтран зохион байгуулж  Шинжлэх ухаан, боловсролын салбарын эрдэмтэн, судлаачид, улсын сектор дахь шийдвэр гаргагчид хамрагдаж байна.

 

Семинарын нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбарын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ю.Смит, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр нар үг хэллээ.

ЮНЕСКО-гийн МОСТ хөтөлбөр нь төрийн бодлого боловсруулахад оролцогч талуудыг холбон тэдний хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж судалгаанд суурилсан буюу судалгааны үр дүнгийн талаар бүрэн мэдээлэлтэй байж бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх гол зорилготой. ЮНЕСКО-ийн Бээжин дахь төвөөс ШУТИС-тай хамтран зохион байгуулж байгаа энэ семинарын гол зорилго нь төрийн бодлого шийдвэр гаргагчид, их сургуулиудын удирдлага, судлаач нар болон олон улсын байгууллагуудын төлөөллийн оролцоотой Монгол улсын дээд боловсролын шинэчлэлийн талаарх дээрх баримт бичгүүдийг толилуулан, хэлэлцүүлж, санал солилцсоны үр дүнд гарсан дүгнэлтийг бодлогын зөвлөмж болгон ашиглах юм. 

ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төв нь “Дээд боловсролын бодлогын өөрчлөлт” цуврал зөвлөмжийг эрхлэн гаргаж эхэлж байгаа ба энэ нь цаашдаа судалгааны үр дүн, төрийн бодлого хоёрыг уялдуулахад тус дэм үзүүлэх зорилготой. 

Мөн Монгол улсын дээд боловсролын шинэчлэл, түүнд хувь нэмэр оруулах дэд сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгийн суурь ойлголт, хэлэлцэх асуудлын мэдээлэл, МОСТ хөтөлбөрийг прагматик өнцөгөөс харуулсан товч танилцуулга, зорилго, гарч болох үр дүнгийн талаар тоймлох юм.

Affiliated schools