link
БСШУСЯ, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ болон ТИЗСН-ээс техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн “Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот танхимд болсон бөгөөд хурлын үйл ажиллагаанд 120 гаруй залуу эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд үг хэллээ.
Сайд Ц.Цогзолмаа боловсролын салбар, дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн эрхзүйн орчныг цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа тэмдэглэж, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгчдийн бий болгосон шинжлэх ухаан, инновацийн ажлын үр дүн манай улсын баялаг, хөгжлийн үндэс болох учиртайг онцлов. Түүнчлэн бүх шатны эрдэмтэн судлаач, багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх, хүндээ хөрөнгө оруулалт хийх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд салбар хариуцсан сайдын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Инноваци, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг цаасан дээр бус, бодит үйл хэрэг болгох ажлуудыг залуу эрдэмтэн судлаачидтайгаа хамтран хэрэгжүүлж эхлүүлэхээ мэдэгдэв.
ТИЗСН-ийн дэд тэргүүн Б.Арвинбаяр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МЗЭХ-ны ерөнхийлөгч Д.Баттогтох нар хуралд оролцогчид болон шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсч, цаашид инновацийн чиглэлээр Хүрэл тогоотын тэтгэлэг олгодог болгох, залуу судлаачдын үйл ажиллагаа болон төрөөс явуулж буй бодлогыг дэмжиж ажиллах талаар талархлын үг хэлэв.
Тус хурлын уламжлал болгон хэлэлцүүлдэг хүндэтгэлийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал тавив. Тэрээр өнгөрсөн хугацаанд инноваци, мэдлэгийн эдийн засгийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрхзүйн орчин бүрдсэн бөгөөд түүний хэрэгжилт хангалтгүй байгааг дурдлаа. Цаашид инновацийн эрхзүйн орчныг сайжруулах, инновацийн санг дахин бий болгох, инновацийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, энтрепренер их сургуулиудыг бий болгох, гарааны компанийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг, бодлогуудыг хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газрын зүгээс эрчимтэй ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Манай хурлын нээлттэй илтгэлийг МЗЭХ-ны хүндэт гишүүн Б.Ганбат тавьлаа. Үндэсний инновацийн тогтолцоог бий болгох, инновацийн чиглэлээр нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Тус хурлын шүүгчээр академич Ж.Тэмүүжин, Шинэ монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, Герман–Монголын технологийн сургуулийн захирал Н.Дорждэрэм, МУИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Лодойравсал, ШУТС-ийн захирал Д.Энхжаргал, “Оттотех” компаний ерөнхий захирал Т.Гансүлд зэрэг салбартаа нэр хүнд бүхий тэргүүлэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс ажиллаж, залуу судлаачдын эрдмийн ажлыг шүүн хэлэлцлээ.
ТИЗСН-ийн хүндэт гишүүн Б.Ганбатад талархал дурсгав.
Жил бүр өргөжин тэлж буй тус эрдмийн хурлын арга хэмжээнд Австрали, ОХУ, Япон, Тайвань, Солонгос, Монгол зэрэг 6 улсаас нийт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 50 гаруй бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 87 судлаачдын 36 бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд суурь болон хэрэглээний чиглэлээр тус бүр долоон илтгэл шалгарч, гурав дахь шатанд хэлэлцүүлсэн.
Технологи, суурь судалгааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН байранд ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Баярсайханы УУГАНЧИМЭГ “Дулааны боловсруулалтанд орсон шар буурцганд Полимеразын Гинжин Урвалын аргаар генийн өөрчлөлттэй амьд организм илрүүлэх нь”,
ДЭД байранд Япон улсын Токушимагийн их сургуулийн докторант Сүхийн БАТДАЛАЙ “FWM, интерференци болон CPF ашигласан квадрат фаз солих модуляциас бинари фаз солих модуляциин хөрвүүлэлт”,
ТУСГАЙ байранд Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн магистрант оюутан Жаргалсайханы ЭНХ-ЭРДЭНЭ “Кинект төхөөрөмжийн тусламжтай 3D байдлаар хүний толгойн хөдөлгөөнийг "Генетикийн алгоритм" ашиглан илрүүлэх нь” сэдэвт илгэлүүд шалгарлаа.
Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс:
ТЭРГҮҮН байранд Чонбукийн үндэсний их сургуулийн докторант Төмөрбаатарын БАТГЭРЭЛ “Биоанагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөны удирдлагын систем”,
ДЭД байранд ШУТИС, Барилга Архитектурын сургуулийн багш Бадарчийн АЮУРЗАНА “Сүлжээний Больцманы арга ашиглан Монгол гэрийн дулаан урсгалын үндсэн шинжилгээ”,
ТУСГАЙ байранд Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн магистрант оюутан Болдын Батсанаагийн “Програмаар тодорхойлогддог Радион дээрх DVB-T системийн хэрэгжүүлэлт ба загварчлал” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.
Тэргүүн байранд шалгарсан Б.УУГАНЧИМЭГ, Т.БАТГЭРЭЛ нарыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ. Мөн Шилдгийн шилдэг Залуу судлаачаар Б.УУГАНЧИМЭГ шалгарч Япон улсын Саппоро хотод Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
Бидний хурлын үйл ажиллагааг жил бүр дэмжин санхүүжүүлж ажилладаг ШУТИС, ШУТС, “Чагдаржав сан”, Мандах-Алтай ХХК, Монгол-Хоккайдогийн нийгэмлэг мөн энэ жилийн хурлын хоёрдугаар байрын шагналын санг санхүүжүүлж ажилласан Экотех Проект ХХК болон үйл ажиллагааг дэмжиж ажилласан СҮҮ ХК, АПУ ХК, хурлын хэвлэл мэдээлэл хариуцан хамтран ажилласан “Монголын Ирээдүй судалгаа хөгжлийн зөвлөл”-ийн хамт олондоо баярлаж талархснаа нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea